
ОХУ-ын Хар тэнгисийн флотын хөлгүүд дроны цохилтод өртсөний дараа Кремль Украины үр тарианы экспортын тээвэрлэлтийг саадгүй дамжин өнгөрүүлэх тухай НҮБ-тай байгуулсан гэрээгээ цуцлах болохоо бямба гарагт мэдэгдлээ. Энэхүү тохиролцоонд зуучлагчаар оролцож байсан НҮБ болон Турк улс ням гарагаас эхлэн гэрээний хүчин төгөлдөр байдлыг сэргээхээр ажиллаж эхэлжээ.
Украин улс дэлхийд улаан буудай, эрдэнэ шиш, ургамлын тосны экспортоор тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд бараа тээвэрлэлтийн ихэнх нь далайгаар дамждаг байна. Дээрх тохиролцооны дагуу наймдугаар сараас хойш Украины гурван боомтоос есөн сая тонн гаруй үр тариа, бусад хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгдээд байгаа аж. Хэрэв энэ коридор хаалттай хэвээр үлдвэл дэлхийн газар тариалангийн зах зээлд цохилт өгч, тэр дундаа ядуу буурай орнуудад өлсгөлөнгийн хямрал даамжрах эрсдэлтэй юм.
Турк улсын Батлан хамгаалахын сайд Хулуси Акар “Twitter” дэх мэдэгдэлдээ тус улс хоёр талын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж байгааг дурдсан бөгөөд “Нийт хүн төрөлхтний тусын тулд яриа хэлэлцээр, сайн санааны үндсэн дээр энэ хямралыг шийдэх” боломжтой болохыг онцолжээ.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш экспортын гэрээг сэргээхэд анхаарал хандуулж байгаа учир Алжирт болох Арабын Лигийн чуулга уулзалтад оролцох товоо хойшлуулснаа мэдэгдсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Андрей Руденко ням гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Гэрээнд тус улс хэзээ эргэн нэгдэх боломжтойг тодорхой өгүүлээгүй бөгөөд дроны халдлагатай холбоотой мөрдөн шалгалтын ажиллагаа дууссаны дараа цаашдын алхмаа шийднэ” гэжээ.
Бямба гарагт Крымийн Севастополь хотын боомтод ОХУ-ын тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцнуудыг гэмтээсэн дроны халдлагыг Украины тал үйлдсэн гэж Кремль дүгнээд байгаа юм.
Одоогоор далайн зам болон боомтуудад олон сая тонн үр тарианы тээвэрлэлт хүлээгдэж, 200 гаруй хөлөг онгоц сул зогсоод байгааг Украины Дэд бүтцийн сайд мэдээлэв.