
“Halloween”-ийн баяраар Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан 154 иргэн амиа алдаж, 116 хүн гэмтэж бэртээд байна. Амиа алдсан хүмүүсийн дунд БНХАУ, ОХУ-ын тус бүр дөрөв, АНУ-ын хоёр, Японы хоёр, мөн Франц, Австри, Норвег, Австрали, Вьетнам, Тайланд зэрэг улсын 26 иргэн байгаа аж.
Хүнд бэртэл авсан 33 иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд цаашид ч амиа алдах хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан мэдээллээ. Энэ нь БНСУ-ын түүхэнд олон хүн нэг дор цугларснаас үүдсэн хамгийн том осол болж байна.
Гэмтэж, бэртсэн хүмүүсийн дийлэнх нь 20 орчим насны залуучууд байсан бөгөөд амиа алдсан иргэдийн 98 нь эмэгтэйчүүд байсан гэж албаныхан мэдээллээ. Эмэгтэйчүүдийн хувьд харьцангуй жижиг биетэй, бусдын шахалтыг эсэргүүцэх чадвар багатайгаас энэхүү эмгэнэлт явдлын гол хохирогчид болсон гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.
Ням гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл улс орон даяар долоо хоногийн хугацаатай эмгэнэл зарлаж байгаагаа мэдэгдэж, Төрийн далбааг бөхийлгөсөн юм.
Энэ удаагийн үйл явдал 2014 онд “Севол” хөлөг онгоц живсний улмаас 304 иргэн амь насаа алдсанаас хойших хамгийн том эмгэнэлт явдал боллоо.
Энэ жилийн “Halloween”-ийн баяр нь БНСУ-д цар тахлын эсрэг хөл хорионы журам суларч, гадуур амны хаалт хэрэглэх шийдвэр цуцлагдсанаас хойш болсон анхны томоохон тэмдэглэлт баяр байжээ. Үүнтэй холбоотойгоор олон зуун мянган иргэн Сөүл хотын шоу цэнгээний төв бүсэд олноороо цуглаад байсан байна.
Ослын шалтгааныг тогтоох албан ёсны мөрдөн шалгах ажиллагааг тус улсын Засгийн газраас эхлүүлээд байна.
Аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам мэдээлэв.