
Таваарын зах зээл 2023 онд өсөлтөөрөө дахин тэргүүлэх бөгөөд хөрөнгө оруулагчдад 40 гаруй хувийн өгөөж авчирна гэж “Goldman Sachs” банк тооцоолжээ.
Ирэх оны эхний улирал АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн сул өсөлтөөс шалтгаалж “донсолгоотой” байх бөгөөд үүний дараа газрын тос, байгалийн хий зэрэг түүхий эдийн нийлүүлэлт хумигдсанаар үнэ нь өснө гэж тус банкны шинжээчид үзэж байна.
2020 онд “Goldman Sachs” түүхий эдийн өндөр өсөлтийн мөчлөг олон жилийн турш үргэлжилнэ гэж таамаглаж байсан юм. Хэдийгээр сүүлийн саруудад БНХАУ-ын цар тахлын хязгаарлалт болон дэлхийн эдийн засгийн удаашрал эрэлтийг бууруулснаас шалтгаалан эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдах түүхий эдийн үнэ унасан ч тус банк дээрх байр сууриа хадгалж үлдсэн байна.
Түүхий эдийн үнийн хөдөлгөөнийг тооцох гол хэмжүүр “S&P GSCI Total Return Index” ирэх онд 43 хувиар өснө хэмээн “Goldman Sachs” тооцоолсон байна. 2022 он гарсаар энэхүү индекс 24 хувиар өсөөд байгаа юм. Харин АНУ-ын компанийн хувьцаануудын ханш 16 гаруй хувиар унасан бол Засгийн газрын бондууд ч тодорхой хувиар унаад байна.
“Goldman Sachs”-аас гадна дийлэнх шинжээчид, хөрөнгө оруулагч таваарын зах зээлийн өсөлт үргэлжилнэ гэж үзэж байна. Газрын тосны ордны хайгуул, уул уурхайн хөрөнгө оруулалт дутагдалтай байгаа нь нөөц багасаж, зах зээл хумигдахад хүргэнэ гэж тооцоолжээ. Таваарын зах зээлд төвлөрсөн тэргүүлэх 15 хедж сан энэ онд нийт хөрөнгөө 50 хувиар өсгөн 20.7 тэрбум ам.доллар хүргэснийг “Bridge Alternative Investments” компанийн тоо баримтаас харж болохоор байна.
“Нийлүүлэлтийн нөөц хүчин чадал бий болгох хөрөнгийн зардал хангалтгүй байгаа нь түүхий эдийн хомсдол удаан үргэлжилж, үнэ нь өндөр бөгөөд хэлбэлзэлтэй түвшинд хадгалагдах нөхцөл бүрдүүлнэ” хэмээн “Goldman”-ийн шинжээчид бичжээ.