
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” компанийн орлого энэ он гарсаар эрс өссөн ч оны сүүлийн саруудад өсөлт саарна гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг арилгахад хангалтгүй байлаа.
Оны эхний есөн сард тус компанийн үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 41 хувиар өсөж, 5.05 тэрбум евро буюу таван тэрбум ам.доллар хүрсэнд валютын ханшийн зөрүү багагүй хэмжээгээр нөлөөлснийг мэдээлжээ. Хэдий тийм боловч IV улиралд илүү олон сорилт тулгарах төлөвтэй тул тус компани бүтэн жилийн ашгийн төсөөллөө нэмэгдүүлээгүй байгаа аж.
Тайлант хугацаанд “Porsche”-ийн нийлүүлэлт хоёр хувиар өсөж, 221,512 нэгж хүрсэн бөгөөд үүнд компанийн хамгийн өндөр ашигтай автомашин болох “911”-ийн борлуулалт есөн хувиар өссөн нь ихээр нөлөөлжээ.
Автомашин үйлдвэрлэгчдийн хувьд инфляц болон бодлогын хүүний өсөлтийн нөлөөлөлд бэлтгэлтэй байгаа ч одоогоор эрэлт харьцангуй уян хатан, ялангуяа тансаг зэрэглэлийн автомашины борлуулалт хангалттай байгаа аж. Хэдий тийм боловч “Porsche”-ийн толгой компани “Volkswagen” нийлүүлэлтийн сүлжээний доголдлын улмаас хүлээлтэд хүрсэн ашиг олж чадаагүйгээ мэдээлжээ. Чипийн боломжит нөөц хязгаарлагдмал, мөн логистикийн талд сорилтууд байгаа учир “Volkswagen” энэ оны борлуулалтын төсөөллөө бууруулаад байгаа юм.
“Ирэх 10 жилд бид геополитик, нийлүүлэлтийн сүлжээ зэргийн хүрээнд хямралтай тулгарах болно. Тиймээс хамгийн зөв зам бол санхүүгийн хувьд цохилтыг даван гарахуйц байж, дэлхийн аль ч бүсэд уян хатан байхад бэлтгэх явдал” хэмээн “Volkswagen” болон “Porsche”-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг давхар хашдаг Оливер Брюме “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Энэ сарын эхээр “Porsche” Франкфуртын Хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжаалснаар зах зээлийн үнэлгээ нь “Volkswagen”-ийг гүйцэж, Европын хамгийн үнэ цэнтэй авто үйлдвэрлэгч болсон юм.
Тайлан танилцуулагдсаны дараа “Porsche”-ийн нэгж хувьцааны ханш Франкфуртад 3.9 хувиар унасан байна.