
“S&P Global” агентлаг “Twitter” компанид үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл хомс учраас зээлжих зэрэглэлийг нь тогтоохоо зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Зээлжих зэрэглэлийн дэлхийн тэргүүлэх агентлагуудын нэг “S&P Global” баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ “Үнэлгээг цаашид үргэлжлүүлэн гаргахад шаардлагатай мэдээлэл дутагдалтай” гэж үзсэн тул дээрх шийдвэрийг гаргаснаа дурджээ.
Тэрбумтан Илон Маск сошиал мэдээллийн аварга компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл эцэслэгдсэний дараа “Morgan Stanley” тэргүүтэй хөрөнгө оруулалтын банкнууд “Twitter”-ийн нийт өр болох 13 тэрбум ам.долларыг шууд санхүүжүүлсэн юм. Түүнээс хойш ажилтнуудын цомхотгол, зар сурталчилгааны бодлого гэх мэтээр компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд томоохон өөрчлөлтүүд гараад байна.
“S&P Global”-ийн зэрэглэл тогтоолт зогссоноор хэлцлийн санхүүжилтийг хийсэн банкнуудад компанийн өрийг хөрөнгө оруулагчдын хамтын зээл болгон синдикатжуулахад сорилтууд тулгарахаар байгаа аж. Учир нь хөрөнгө оруулагчдын дийлэнх нь зээлийн эрсдэлийг тодорхойлохын тулд томоохон агентлагуудын үнэлгээг ашигладаг байна.
Хэлцлийн дараах санхүүгийн хөшүүрэг өндөр гэсэн шалтгаанаар “S&P Global” 11 дүгээр сард компанийн зээлжих зэрэглэлийг таван шатаар бууруулж, “BB+”-ээс “B-” болгож байв.