
Их Британийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт удааширч байгааг үл харгалзан Лондон хотын хамгийн өндөр үнэтэй орон сууцуудын эрэлт өндөр хэвээр байна.
Таван сая фунт стерлинг буюу 6.2 сая ам.доллароос дээш үнэтэй орон сууцны шинэ захиалгын тоо 2022 оны сүүлийн улиралд цар тахлын өмнөх үеийн дунджаас 74 хувиар өндөр байсныг “LonRes” компанийн судалгаанд дурдсан байна.
“2022 онд Лондоны тансаг зэрэглэлийн орон сууцны зах зээлийн ердөө найман хувийг эзэлдэг таван сая фунт стерлингээс дээш үнэтэй орон сууцны борлуулалт цар тахлын өмнөх үеийн дундаж түвшнээс 62 хувиар илүү гарсан. Тиймээс энэ нь хүмүүст орон сууцаа зарах сэдлийг улам нэмэгдүүлж байгаад гайхах зүйлгүй” хэмээн тус компанийн Захирал Энтони Пэин онцолжээ.
Бодлогын хүүгийн өндөр түвшинд дасан зохицохын зэрэгцээ орон сууцны үнэ унана гэсэн болгоомжлол үүссэнээр Их Британийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүндрэл учраад байгаа юм. Тус улсын хамгийн том гурван барилгын компани борлуулалт нь эрс унаад байгааг өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа дурдсан бөгөөд 2023 онд зах зээлд савлагаа улам нэмэгдэх төлөвтэйг анхааруулсан байна.
Хэдий тийм боловч Лондоны тансаг зэрэглэлийн орон сууцны зах зээлд байдал огт өөр байгаа нь чинээлэг худалдан авагчид орон сууц худалдан авахдаа өр зээлд найддаггүй учраас хүүгийн өндөр түвшин тэдэнд нөлөөлөх нь бага байдагтай холбоотой аж. Мөн борлуулагчид нь ч тохиролцоонд хүрэхэд төдийлөн яардаггүй, үнэ буулгаж зарахын оронд орон сууцыг худалдаанаас эргүүлэн татахыг илүүд үздэг байна.
Үүнээс гадна фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг суларсан нь Лондонд орон сууц сонгосон гадаадын худалдан авагчдын тоо өсөхөд нөлөөлжээ.