
“Ferrari” компани 75 жилийн түүхэндээ анх удаа бага оврын спорт жийп буюу SUV ангилалд багтах “Purosangue” автомашинаа танилцууллаа.
Нэр нь “цэвэр цусны” хэмээн орчуулагдах энэхүү автомашиныг тус компанийн зүгээс аливаа ангилалд хамруулах хүсэлгүй байгаа аж. “Үүнийг SUV гэж битгий дуудаарай. Учир нь энэ бол SUV биш “Ferrari”” хэмээн компанийн Гүйцэтгэх захирал Бенедетто Вигна өгүүлжээ.
Хөгжүүлэлтийн үе шатанд нь дөрвөн жилийг зарцуулж, хэрэглэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгэсэн энэхүү загварыг дараа жил худалдаанд гаргахаар зэхэж буй.
Дизайны гол онцлогууд гэвэл 473 литрийн багтаамж бүхий тээшний хайрцагтай, дөрвөн суудал, дөрвөн хаалгатай бөгөөд ижил ангиллын “Lamborghini Urus” болон “Bentley Bentayga”-тай харьцуулахуйц аж. Хэдий тийм боловч “Purosangue” 100 км/цагийн хурдыг 3.3 секундэд авах чадалтайгаараа дээрх хоёр автомашинаас илүү юм. Мөн 715 морины хүчтэй V12 хөдөлгүүр, автомат хурдны хайрцгаар тоноглогдох бөгөөд дээд хурд нь 310 км/цаг хүрэх юм байна. Үнийн хувьд 390 мянган евро буюу 390 мянга 195 ам.доллароос эхлэн худалдаалагдах аж.
“Purosangue”-ийг танилцуулснаар “Ferrari” компани зөвхөн уралдааны төрлийн автомашин үйлдвэрлэх зарчмаасаа бага зэрэг хазайж, гэр бүлийн хэрэгцээний автомашинд анхаарч буйн баталгаа болж байна. 2016 онд тус компанийн тухайн үеийн Гүйцэтгэх захирал байсан Сержио Маркионнигаас Crossover, SUV ангиллын автомашин үйлдвэрлэх эсэхийг нь асуухад “Эхлээд намайг буудчих” хэмээн хариулж байв.