
“Google” компаниас монополын хэргээр БНЭУ-ын Дээд шүүхэд гаргасан давж заалдах хүсэлт амжилтгүй болж, тус компанид ногдуулсан 13 тэрбум рупи буюу 160 сая ам.долларын торгуулийг хэвээр үлдээсэн байна. Шүүхээс тус компанийг “Android” гар утасны үйлдлийн системдээ зах зээлд давамгай байр сууриа хэтрүүлэн ашигласан гэж дүгнээд байв.
Пүрэв гарагт БНЭУ-ын Дээд шүүх “Google”-ийн завсарлага авах хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд гуравдугаар сарын 31 гэхэд хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үүргийг давж заалдах шатны шүүхэд өгсөн байна. Хэдий тийм боловч “Google” компанийг монополын хууль тогтоомжид үйл ажиллагаагаа нийцүүлэх эцсийн хугацааг долоо хоногоор сунгасан аж.
Аравдугаар сард БНЭУ-ын Шударга өрсөлдөөний комиссоос “Google” компани нь шинэ төхөөрөмжүүдэд өөрсдийн аппликейшнийг заавал суулгах шаардлагатай болгох гэх мэт шударга өрсөлдөөний эсрэг үйлдлүүдээр байр сууриа бэхжүүлсэн гэж үзжээ.
Энэ хүрээнд тус байгууллагаас “Google”-ийг хэрэглэгчдэд тодорхой аппликейшнүүдийг устгах, дурын хайлтын системээ ашиглахыг зөвшөөрөх гэх мэт эрх олгох заавар хүргүүлсэн байна.