
БНХАУ гурван жил үргэлжилсэн хатуу хязгаарлалтын эцэст иргэдийнхээ дотоодын болон гадаад руу чиглэсэн аялал жуулчлалыг сэргээхэд бэлтгэж эхэлжээ. Сүүлд тус улс гадаад паспорт шинээр олгох ажлыг үргэлжлүүлэхээр болсны зэрэгцээ Эх газрын Хятадын оршин суугчдыг Хонгконг руу зорчихыг зөвшөөрөхөөр болсон байна.
Энэ хүрээнд нэгдүгээр сарын наймнаас Хонгконг, Макаогийн хилийн шуурхай шалган нэвтрүүлэх цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхийг БНХАУ-ын Үндэсний цагаачлалын албанаас мэдээлжээ. Мөн гадаадын иргэд визний хугацаагаа сунгуулах, шинэчлэх боломжийг дахин нээхээр болсны зэрэгцээ гадаадаас ирсэн зорчигчдыг заавал тусгаарлах журмаа цуцлахаар болж байгаа юм.
Үүнээс гадна Монгол Улс болон БНХАУ хоорондын боомтуудын үйл ажиллагаа удахгүй хэвийн болох хүлээлттэй байна. Замын үүд-Эрээний зорчигч тээврийн боомтыг нээхээр хоёр тал бэлтгэл хангаж байгаа талаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Үүний дараа Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт зэрэг боомтуудын зорчигчийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаагаа ӨМӨЗО-ы албаныхан хэллээ.
БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогынхоо хүрээнд 1.4 тэрбум иргэнээ амралт, зугаалгын зорилгоор гадаадад зорчихыг бүрэн хориглосон тул нэг ёсондоо цар тахлын эхэн үеэс хойш дэлхийгээс тусгаарлагдсан байдалд байсан юм. Тодруулбал: иргэдийг ажил, сургуультай холбоотой “дээд зэргийн чухал хэрэгцээ”, эсвэл ойр дотнын хүмүүстэй нь холбоотой яаралтай асуудал гарснаас бусад тохиолдолд гадаадад зорчихгүй байх шаардлага тавиад байв.
Тус улс 2020 оны эхэн үеэс хойш Хонгконг руу аяллын виз олгоогүй бол 2021 оны наймдугаар сараас эхлэн чухал хэрэгцээтэй биш бол шинээр гадаад паспорт олгохоо зогсоожээ.
Дээрх шийдвэрийн өмнөх өдөр БНХАУ цар тахлын хяналтын түвшнийг дээд зэрэглэлээс хоёрдугаар зэрэглэл рүү бууруулж, өөрөөр хэлбэл COVID-19-ийг Үл тэвчих бодлогыг хэрэгжүүлэх хууль ёсны үндэслэлийг бүрэн цуцлаад байсан юм.