
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн III улирлын борлуулалт “Wall Street”-ийн шинжээчдийн тооцоололд хүрээгүй байна. Тус компани тайлант хугацаанд борлуулалтын орлого нь 21.5 тэрбум ам.доллар хүрч өссөнийг дурдсан бол шинжээчдийн төсөөлөл 22.1 тэрбум ам.доллар байжээ.
Автомашины үйлдвэрлэл ба нийлүүлэлтийн хэмжээний зөрүү нь үүнд голлон нөлөөлсөн ба ялангуяа шинэ автомашиныг хөлөг онгоц болон ачааны автомашинаар тээвэрлэх зардал өмнөх улиралд өссөн нь хүндрэл учруулсныг тус компани тайлбарласан байна. Тайлан гарсны дараа Илон Маск “Tesla” автомашины эрэлт буурсан эсэхтэй холбоотой хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг арилгах зорилгоор мэдэгдэл хийжээ.
“IV улирлын эрэлт маш сайн хэмжээнд байна. Урьдчилан таамаглаж болох ирээдүйд бид үйлдвэрлэсэн бүх автомашинаа борлуулж чадна гэж тооцоолж байна. Сайныг зөгнөж хэлэхэд биднийг IV улиралд гайхалтай үзүүлэлтүүд хүлээж байгаа” хэмээн тэрбээр лхагва гарагт цахим хуралд оролцохдоо өгүүлжээ. Илон Маск компанийнхаа ашигт ажиллагаа болон мөнгөн хөрөнгийн өсөлтийг ($21.1) харгалзан үзээд таван тэрбумаас 10 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа буцаан худалдан авах санал гаргаж, ТУЗ-өөр хэлэлцүүлэхээр болсон байна.
Өдгөө хөрөнгө оруулагчид “Tesla” компанийг Остин болон Берлин дэх үйлдвэртээ “Model Y” автомашины гарцыг хэр хурдан хугацаанд нэмэгдүүлж чадахыг анхааралтай ажиглаж байна. Тайлангийн мэдээлэл гарсны дараа “Tesla”-ийн нэгж хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 5.3 хувиар унаж, 210.28 ам.доллар болжээ.
Илон Маскийн “Twitter”-ийг худалдаж авах хэлцэл, мөн эдийн засгийн удаашрал, өндөр инфляц, бодлогын хүүгийн өсөлтөөс шалтгаалж тус компанийн хувьцааны ханш он гарсаар 37 хувиар унаад байгаа юм.
Үүний зэрэгцээ “Tesla” компани цэнэг хураагуурын нийлүүлэлтийн сүлжээнд хяналтаа нэмэгдүүлэх зорилгоор Техас мужийн “Gulf Coast”-д лити боловсруулах үйлдвэр барихаар болсныг Илон Маск баталжээ.