
Зах зээлийн судалгааны “IDTechEx” компанийн сүүлийн үеийн судалгаагаар устөрөгчийн түлш болон дахин цэнэглэгч дэд станцын хүрэлцээ дутмаг байгаа нь устөрөгчийн хөдөлгүүртэй автомашиныг ирээдүйд өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд саад болж буй гол сорилт болохыг тогтоожээ.
“Сүүлийн арваад жилд устөрөгчийн цэнэглэх дэд бүтцийн хүрэлцээгүй байдал нь устөрөгчийн автомашины хэрэглээ түгэхэд саад болсон. Хэдий тийм боловч Япон, БНСУ, ХБНГУ, БНХАУ, АНУ-ын Калифорни муж зэрэг бүс нутаг устөрөгчийн цэнэглэх станцын дэд бүтэц бий болгоход дэмжлэг үзүүлж байгаа нь өөрчлөлтийн эхлэл болж магадгүй” хэмээн судалгаанд дурджээ.
Хэдийгээр устөрөгчийн хөдөлгүүр нь нэг цэнэглэлтээр илүү их зай туулах давуу талтай ч хэрэглээнд нэвтрэхгүй хүлээгдэх тусам цахилгаан хөдөлгүүрийн туулах зай сайжирч, улмаар тэрхүү давуу талыг арилгах болохыг тус компанийн шинжээчид онцолж байна.
Одоогоор ачааны автомашины зах зээлд “Hyundai”, “Toyota”, “Nikola”, “Daimler” зэрэг компани устөрөгчийн хөдөлгүүрийг туршиж байгаа тул ойрын ирээдүйд энэхүү технологийг нэвтрүүлэх хүлээлттэй байна.
Үүнээс гадна өнөө цагт хамгийн өргөн ашиглагддаг устөрөгчийн түлшний төрөл нь “саарал устөрөгч” байгаа нь энэхүү технологийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. “Саарал” устөрөгчийг байгалийн хийн ууршсан метан ашиглан гаргаж авдаг учраас CO2 ялгаруулалт нь орчин үеийн дотоод шаталтат хөдөлгүүрээс төдийлөн багагүй байдаг аж.
Харин сүүлийн үед нүүрсхүчлийн ялгарал багатай “цэнхэр” болон “ногоон” устөрөгч үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилт нэмэгдсэнийг судалгаанд онцолсон байна.