logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Б.Урангоо: Монгол эмэгтэй хүн загварыг нь гаргадаг гэдгээрээ Японы зах зээл дэх ижил брэндүүдээс ялгардаг
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 27 08:37
    113
    Амралтын өдрүүдэд хүрдэг "Амралтын цэнэг" хөтөлбөрийн зочин, "Naura Ginza" брэндийн Үүсгэн байгуулагч, дизайнер Б.Урангоогийн ярилцлагын хэсгийг хүргэж байна

    - Японд үүсгэн байгуулагдсан "Naura Ginza" брэнд Монголд салоноо нээгээд байна. Он гарсаар дотоодод эрэлт хэрэгцээ хэр байв?

    - Захиалгын дээд зэргийн хослол (костюм урлал) гэдэг нь сүүлийн жилүүдэд Монголд шинээр бий болж буй чиг хандлага. Тиймээс хүмүүс сонирхох нь их байна. Японд чанарыг нь хүн болгон мэддэг. Дээрээс нь Японд үйлдвэрлэдэг гэдгээрээ хүмүүсийн анхаарлыг их татаж байна. 

    - Дотоодод хувцас үйлдвэрлэдэг олон компани байгаа. Эдгээр компаниуд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, экспортлох боломжийг хэрхэн харж байна?

    - Ерөнхийдөө боломж их байна. Би Токиод амьдардаг болохоор энэхүү зах зээлийг харахад олон брэндүүд байдаг учир шинэлэг зүйлийн эрэл хайгуул байнга хийж байдаг. Хаана шинэ юм байна гэдгийг байнга эрэлхийлдэг. Япончууд шинэлэг зүйлд их дуртай, харин монголчуудын хувьд арай өөр байна. Тэгэхээр шинэлэг зүйлийг эрэлхийлж чадвал дотоодын үйлдвэрлэгчдэд боломж байгаа.

    - Та Японд олон жил амьдарсан. Компаниа ч тэнд үүсгэн байгуулсан. Монголын үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахад юунд анхаарах ёстой вэ?

    - Дотоодын үйлдвэрлэгчид оёдол, чанартаа сайн анхаарах хэрэгтэй. Монголд үндсэн түүхий эдүүд сайн байдаг. Харин эцсийн бүтээгдэхүүн болгох явцад нь сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байна. 

    - "Naura Ginza" брэнд бүтээгдэхүүний материалаа Италиас авч, Япон технологиор хийдгээрээ онцлог. Тухайн хүний биед тааруулан хувцсаа хийж байгаагийн хувьд материалаас гадна хэрэглэгчдийг татах гол хүчин зүйл юу байна вэ?

    - Японд захиалгын хослол хийдэг олон брэнд байдаг. Энгийн компанийн ажилтнуудад ч гэсэн зөвхөн өөрт нь зориулсан хослол хийнэ гэдэг соёл байдаг. Тэднээс юугаараа ялгагдах вэ гэвэл ихэнх нь БНХАУ-д үйлдвэрлэдэг, цэвэр Японд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг брэнд цөөн байдаг. Тиймээс тийм компанийг хайж хослолоо хийлгэдэг. Өмнө нь эрэгтэй хүн л эрэгтэй хүний хослолыг хийдэг гэсэн ойлголттой байсан. Харин одоо эмэгтэй хүн эрэгтэйчүүдийн хослолыг хийж байгаагаараа онцлог.

    - Материалаас гадна хил гаалийн асуудалтай холбоотойгоор бусад түүхий эдийн татан авалт хэр байв?

    - Японд төрөл төрлөөрөө дагнан үйл ажиллагаа эрхэлдэг жижиг компаниуд олон байдаг. Тухайлбал: нэг компани зөвхөн материалаа хариуцдаг бол нөгөө нь зөвхөн оёдол хийдэг гээд. Тиймээс өөрөө Италид очоод даавуу, материалаа хайна гэхээсээ илүүтэйгээр Японд байдаг аль хэдийн хөлөө олчихсон тийм компанитай гэрээ хийчихвэл тэд маань цаашаа бусад том үйлдвэр, компаниудтай холбогдоод түүхий эд, материалаа тэндээсээ шууд татаад авчихдаг болохоор цар тахлын улмаас ямар нэгэн саад бэрхшээл үүсээгүй.

    - "Naura Ginza"-ийн бүтээгдэхүүнүүд материал, загварын хувьд нэлээдгүй шинэлэг байсан. Тэгэхээр загвараа гаргахад хаанаас санаа авдаг вэ?

    - Одоогоор өөрийнхөө дуртай загвараа л хүмүүст санал болгодог. Японы зах зээлд бусад монгол гэдгээ ашиглаад бусад тейлоруудаас өөр байхыг хичээдэг. Японд би гадаад хүн учраас гадаад хүний сэтгэхүй, гадаад эмэгтэйн загварууд гэдэг утгаараа жижиг деталиудаа өөр байлгахыг хичээдэг.  

    - Анх Япон улсад загварын чиглэлээр, тэр тусмаа хослол үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах санаагаа хэзээ гаргав?

    - Би анх 15 настайдаа Япон улсад очоод ахлах сургуулиа дүүргээд, тэндээ их сургуульд орсон. Загварын чиглэлээр биш өөр мэргэжлээр төгссөн л дөө. Их сургуулиа төгсөөд ажилд орсон. Хэсэг ажиллах хугацаандаа энэ миний хийх ажил биш гэдгийг ойлгосон. Тэгээд дахин загварын сургуульд элсэн орж хувцас загвар, дизайн гэж юу болохыг ойлгож, суралцсан. Хослолоо хийж эхлэхээсээ өмнө ердийн масс бүтээгдэхүүн хийдэг байсан. Гэсэн ч Японд хослолын зах зээл их байдаг болохоор хоёр жилийн өмнөөс энэ салбарт хүч үзэхээр шийдсэн.

    - “Woman Tailor” буюу "Костюм урлалын эмэгтэй загвар зохион бүтээгч" гэдэг мэргэжлийн онцлог юу вэ. Монгол Улсын хувьд энэ чиглэлд хүний нөөцийн хувьд хараахан бэлтгэгдээгүй байна?

    - Эмэгтэй хүний ур ухаанаар эрэгтэй хослол урлах нь эрэгтэй тейлороос илүү нарийвчилсан жижиг,  нарийн юмнуудыг анзаардаг гэж боддог. Тэрийгээ ч онцлогоо болгож Японд ч, Монголд ч үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор тэр нь хүмүүст таалагддаг байх гэж боддог.

    - Загвар зохион бүтээгчээр суралцах гэж буй хүмүүст хандан хэлэхэд юунд анхаарах ёстой вэ. Бэлтгэл, сургуулилтын хувьд?

    - Монголд ямар байдгийг мэдэхгүй. Японд дизайнер болох хүсэлтэй хүүхэд олон байдаг. Мэргэжлийн сургуульд орж төгссөн ч ажлын байр хангалттай байдаггүй. Бүгд худалдагчаасаа эхлээд өсөн дэвжиж, төв компани руугаа туслах дизайнер болдог. Загвар зохион бүтээгч болохын тулд олон жил, наад зах нь 10 гаруй жил зарцуулдаг. Тиймээс үндсэн мэргэжлээрээ ажиллахыг хүсвэл сурч байхдаа загварын компанид давхар дадлага хийх хэрэгтэй. Тэгвэл туршлагажиж, энэ нь бусдаас илүү давуу тал болно гэж бодож байна. Хувцас дээр гараараа хүрч, бүх зүйлийг оролдож үзэхгүй бол   мэдэхгүй зүйл, сургуульд заадаггүй зүйл зөндөө байдаг. 

    - Монгол Улсын олон брэндүүд гадагшаа гарч байна. Тухайлбал: дотоодын брэндүүдийг олон улсад, ялангуяа Японд гаргах боломжийн талаар. Японд стандарт шаардлага өндөр байдаг?

    - Миний хувьд Японд үүсгэн байгуулсан өөрийнхөө брэндийг Монголдоо авч ирж байна. Зөвхөн үүгээр зогсохгүй цаашид Монголдоо хийх хөрөнгө оруулалт гэдэг утгаараа Монгол брэндийг Японд гаргах боломжийг эрэлхийлж байна. Одоогийн байдлаар өндөр чанартай, сайн бүтээгдэхүүн бол ноолууран бүтээгдэхүүн. Монголын ноолууран бүтээгдэхүүн загвар,  хийцийн хувьд Японыхоос хавьгүй илүү. Эхний ээлжид сайн чанарын ноолууран бүтээгдэхүүнийг гаргаад, стандартын шаардлага хангавал бусад өөр брэндүүд гаргах хэрэгтэй. Адил чанартай, адил стандарттай бүтээгдэхүүн нэг гаргаад эхэлбэл ар араас нь бусад бүтээгдэхүүнээ гаргах боломжтой.

    - Япон хэрэглэгчдийн зан төлөвийг монголчуудтай харьцуулбал хэр ялгаа байна?

    - Япончуудыг настай болон залуу үе гэж хуваавал 40-аас дээш насныхан бусдаас өөр байхыг хүсдэггүй. Японд хүнийг хүндэлдэг байх, мөн хүнээс илүү байх ёсгүй гэсэн соёл байдаг тул илүү тод байж болохгүй. Заавал хар өнгө л өмсөх ёстой учраас би ч гэсэн харыг өмсөнө гэдэг байсан бол сүүлийн үед залуучууд эсрэгээрээ бусдаас ялгарахыг эрмэлздэг болсон. Бусдаас өөр байж бусдад өөрийгөө таниулдаг, гадаад үзэмжээр маань хүмүүс намайг онцолж харна гэсэн шинэлэг зүйл их болсон. 

    - Одоогийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаагаа тэлэхэд маркетингийн хувьд юунд анхаарч байна вэ?

    - Япончууд “TikTok”, “Instagram”, “Twitter” зэрэг нийгмийн сүлжээний платформуудыг их ашигладаг. Бүх насныхан эдгээрээр худалдан авалт хийхийг илүүд үзэх болсон. Тиймээс маркетингаа энэ талд түлхүү чиглүүлж байгаа. Зөвхөн “TikTok”-ийн үйлчлүүлэгчид байх жишээний. Манайх Монголд нээгдээд хоёр сар л болж байна. Нээгдээд удаагүй байгаа болохоор хэрэгжүүлж эхэлж л байна. Гэхдээ нийгмийн сүлжээгээр захиалга хийсэн үйлчлүүлэгч гэхээс илүүтэй анх салбараа Монголд нээх зорилгоор зураг авалтаа Токиод хийхдээ жүжигчин Г.Ундармаа, Японы нэг загвар өмсөгчтэй хамтарч хийсэн клип маань хүмүүст их хүрсэн. Үүнийг үзсэн хүмүүс их ирж байна.

    - Танай компани хослол болон гадуур хувцас үйлдвэрлэж байна. Цаашид шинээр ямар бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна вэ? 

    - Цаашид олон том мөрөөдөл байна. Япон хамтрагчтайгаа хамтран Япондоо нэлээд алдартай галбиржуулагч, тураах зориулалттай тусгай технологиор хийгдсэн дотуур хувцасны брэндийг Монголд оруулж ирэхээр ажиллаж байна. Цаашдаа зөвхөн салон, урлалын брэнд гэхээсээ илүүтэй өөр төрлийн масс бүтээгдэхүүн оруулж ирэхээр төлөвлөөд байгаа. Монголдоо хувь нэмэр болохуйц, тустай зүйл хийхийг эрмэлзэж байна.

    Cэтгэгдэл бичих