
АНУ-ын Теннесси мужийн эрдэмтдийн бүтээсэн супер компьютерын нэг секундэд хийх тооцоолол нэг квинтиллионы (10-ыг 18 зэрэгт дэвшүүлсэнтэй тэнцүү) босгыг давсан нь түүхэн амжилт болоод байна. Албан ёсоор дэлхийн хамгийн хурдан компьютер гэж тооцогдож буй "Frontier" хэмээх системийг ажиллуулахад асар том дэд бүтэц, өндөр түвшинд бэлтгэгдсэн ажилчид, мөн их хэмжээний ус шаардагддаг аж.
Компьютерын хөргөлтийн систем нь дангаараа 678 м2 талбайтай бөгөөд 350 морины хүчтэй аварга шахуургуудын тусламжтайгаар минутад 22 мянга гаруй литр ус эргэлдүүлж, 9000 гаруй тооцоологч нэгжүүдэд хүргэдэг байна. Ийм хэмжээний дэд бүтэцгүй бол супер компьютер тэр даруй хайлах юм. Түүнчлэн усыг урьдчилан хөргөх шаардлагагүй учраас эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх давуу талтай юм байна.
Теннесси мужийн Оук-Ридж хотод байрлалтай, АНУ-ын хамгийн том судалгаа, хөгжүүлэлтийн байгууламжуудын нэгт тооцогддог “Oak Ridge National Laboratory”-д "Frontier" супер компьютер “мэндэлжээ”.
2022 онд анх ажиллаж эхэлснээс нь төд удалгүй олон нийтэд нээлттэй өгөгдөл дээр нь суурилан “Frontier”-ийг дэлхийн хамгийн хурдан компьютер хэмээн тодорхойлсон байна. Уг компьютер нь нэг секундэд нэг квинтиллион давсан тооцоолол хийснээрээ мэдээллийн технологийн “Exascale” хил хязгаарыг эвдэж чаджээ. Энэ нь дэлхий дээрх хүн бүр дөрвөн жилийн турш огт завсарлалгүйгээр нэг минутад 60 тооцоолол хийж байгаатай дүйцэх хэмжээ аж.
“Frontier” нь “Hewlett Packard” компанийн “HPE Cray EX” систем болон “AMD”-ийн хагас дамжуулагчуудаас бүрддэг аж. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнг тооцоолох, халдварт өвчний үүсэл гарлыг тодруулах, эмнэлгийн дата мэдээллээс зүй тогтол олох гэх мэт жирийн компьютерын чадлаас давсан асуудлуудыг шийдвэрлэхэд “Frontier”-ийг АНУ-ын Эрчим хүчний яамны санхүүжилттэйгээр ашиглахаар төлөвлөжээ.