
Зургийг: mofa.gov.mn
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж нийт 7858 тонн мах бэлтгэсэн бөгөөд гуравдугаар сарын 15-наас худалдаанд гаргаад байна.
Хүн амын хүнсний хэрэгцээний махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах зорилготойгоор жил бүрийн хаврын улиралд нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Өнгөрсөн намар бэлтгэсэн, гарал үүсэл, эрүүл ахуйн шаардлагыг холбогдох лабораторийн дүгнэлтээр баталгаажуулж тусгайлан бэлтгэсэн махыг нийлүүлэгч компанитай гэрээ байгуулсан хүнсний дэлгүүрүүдээр худалдаж байгаа юм.
Нийслэлийн есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж байсан нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын 27-ноос эхлэн 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, 481 цэгээр борлуулж байгаа аж.
Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газартай хамтран нөөцийн махны борлуулалтад хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба мэдээллээ.
Түүнчлэн ХХААХҮЯ нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, махны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн байна.
Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах нэг кг-ыг нь 10 мянга 700 төгрөг, хонины ястай мах нэг кг-ыг нь 8600 төгрөг, ямааны ястай мах нэг кг-ыг нь 6400 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас 2500-3000 төгрөгөөр хямд борлуулж байгаа ажээ.