
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын компаниуд нүүрсний цахим арилжааны доод үнэ хэт өндөр гэж үзэж байгааг “SXCoal” мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсийг цахимаар арилжиж эхэлсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компани 96 мянган тонн нүүрс арилжаалаад байна. Хоёрдугаар сарын 10-ны өдрийн арилжаагаар тус компани нэг тонн нүүрсээ 178.6 ам.доллар буюу арилжааны эхэнд зарласан ханшаар худалдсан юм.
Өөрөөр хэлбэл худалдан авагч компаниуд үнэ хаялцаж, хамгийн өндөр үнэ санал болгосон нь худалдан авах байсан ч “Sxcoal”-ийн мэдээлснээр дуудах үнэ хэт өндөр гэсэн шалтгаанаар БНХАУ-ын компаниуд дуудлага худалдаанд оролцохгүй байхыг илүүд үзсэн байна.
Түүнчлэн арилжаанд оролцогчид нүүрсийг хилийн үнэ эсвэл уурхайн амны үнээр зарах нь чухал биш, харин зардлаа танах нь хамгийн чухал гэж мэдээлжээ.
Гэрээ хийгдсэн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” компани гуравдугаар сарын 16-ны дотор Ганцмод боомтод хүргэх ёстой аж.
Үүнээс гадна Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрсэн нүүрс тээврийн автомашины тоо зургаан өдөр дараалан 900 давсан бол хоёрдугаар сарын есөнд 832 болж буурсан байна.
Харин Шивээхүрэн-Сэхэ боомтоор 253 автомашинаар нүүрс тээвэрлэжээ. Одоогоор зөвхөн чингэлэгт тээврээр нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд ойрын хугацаанд задгай тээврийг эхлүүлэхээр төлөвлөж байна.