
Италийн Парламентын сонгуульд хэт барууны үзэлтэй “Италийн ахан дүүс” намын тэргүүлсэн эвсэл ялалт байгууллаа. Ингэснээр тус эвслийн тэргүүн Жоржиа Мелони улсынхаа түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа аж.
Ням гарагт болсон сонгуулийн дүнгээр түүний эвсэл сонгогчдын 44 хувийн санал авч, Сенатад олонх болох нь тодорхой болсон бол зүүн жигүүрийн эвсэл 26 хувийн саналаар удаалсан байна. Ялалт байгуулсан эвсэлд “Италийн ахан дүүс”-ээс гадна Ерөнхий сайд асан Маттео Сальвинигийн “Лиг” нам, Сильвио Берлусконигийн “Forza Italia” нам мөн багтдаг аж.
Жоржиа Мелониг Италид Дэлхийн II дайнаас хойших хамгийн барууны үзэлтэй Засгийн газар байгуулна гэж ажиглагчид үзэж байгаа. Хэдий тийм боловч сонгуулийн дүнг танилцуулсны дараа тэрбээр эвлэрүүлэн нэгтгэх өнгө аястай мэдэгдэл хийж, бүх италичуудад зориулсан бодлого явуулахаа амласан байна.
“Улсыг удирдах үүрэг хүлээсэн л бол бид энэ ажлыг бүх италичуудын төлөө хийнэ. Ард түмнийг хагалан бутаргах бус нэгтгэх үйлсийг дээдэлж, эв нэгдлийн төлөө бид зүтгэнэ” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Албан тушаалаа авсны дараа түүнд оногдох эхний ажил нь улсын төсвийг боловсруулж, Европын Холбоо болон Парламентаар батлуулах юм байна. ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллээс үүдэлтэй эрчим хүчний үнэ болон бодлогын хүүгийн өсөлт нь Италийн эдийн засаг удаашрахад нөлөөлж буй.
“Bloomberg”-ийн эдийн засагчдын хийсэн шинэ судалгаагаар ирэх онд тус улсын эдийн засаг дөрөвдүгээр сард гаргасан 2.4 хувийн төсөөллөөс харьцангуй бага буюу ердөө 0.4 хувиар тэлэх төлөвтэй байгаа аж.
Европын Холбооны сэргэлтийн сангаас олгогдох 200 тэрбум еврог Жоржиа Мелонигийн Засгийн газар хэрхэн зарцуулах нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Одоогийн Ерөнхий сайд Марио Драгигийн зарцуулалтын төлөвлөгөөг тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа шүүмжилж байв.
Өдгөө 45 настай Жоржиа Мелони нь улс төрийн туршлага багатай нэгэн бөгөөд зөвхөн сүүлийн жилүүдэд Марио Драгигийн технократ маягийн засаг захиргааг хүчтэй эсэргүүцсэнээрээ ихээхэн нэр хүнд олсон юм.