
Криптовалют олборлогчид, блокчэйн компаниудад дата төвийн үйлчилгээ үзүүлдэг “Compute North Holdings” компани пүрэв гарагт дампуурлаа зарлажээ.
АНУ-ын Миннесота мужийн Эден Прери хотод төвтэй тус компани дижитал хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн бэрхшээл, эрчим хүчний үнийн өсөлт, дата төв барихад шаардагдах хугацаа болон ашиг олж эхлэх хугацааны хоорондох зөрүү хэт их байдаг нь дампуурлын гол шалтгаан болсон гэж тайлбарлажээ.
Техас мужийн шүүхийн шийдвэрээр тус компанийн дуусгаагүй төслүүдийг гол зээлдүүлэгч нь болох “Generate Lending” компанийн мэдэлд шилжүүлэхээр болсон байна. Зээлдүүлэгчийн зүгээс “Compute North”-ийг зээлийн гэрээнд заасан техникийн зарим шаардлага дээр дефолт зарласан хэмээн буруутгасныг шүүхийн баримт бичигт дурджээ. Хэдий тийм боловч тус компанийн дампуурлын шалтгаан нь “Generate Lending” биш бөгөөд барьцаа хөрөнгийнхөө үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд арга хэмжээ авах шаардлагатай байсан гэж зээлдүүлэгчийн өмгөөлөгч үзсэн байна.
Одоогоор “Compute North” компани 200 орчим зээлдүүлэгчид 500 гаруй сая ам.долларын өрийг төлж барагдуулах ёстой байгаа аж. Мөн тус компанийн хөрөнгийн хэмжээ 100 саяас 500 сая хүртэлх ам.доллар гэж тооцогдож буйг шүүхийн мэдүүлэгт дурджээ.
“Compute North” нь 2017 онд крипто олборлолтын чиглэлээр анх үйл ажиллагаагаа эхлүүлээд хожим дата төвүүдийг өртөг багатай эрчим хүчээр хангах чиглэлээр өргөжсөн байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компани Техас Мужийн Гранбери хотод 300 мегаваттын хүчин чадалтай байгууламжийн барилгын ажлыг эхлүүлээд байсан аж.
Сүүлийн үед криптовалютын ханшийн уналт, АНУ-ын Төв банкны бодлогын хүүгийн өсөлтөөс шалтгаалан хөрөнгө оруулалт багасаж, зээлдүүлэгчид болон хедж сангууд дампуурч байгаа нь дижитал хөрөнгийн орон зайд томоохон цохилт болж байна.
Мөн “Bitcoin”-ийн үнийн уналт, эрчим хүчний үнийн өсөлт нь крипто олборлолтын компаниудад ирэх дарамт нэмж байгаа юм. Энэ сарын эхээр крипто олборлолтын орлогын хэмжээ сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн аж.