
Аравдугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өссөн нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн медиан таамаглал болох 10.3 хувийн өсөлтөөс хол давсан үзүүлэлт боллоо.
Харин III улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх улирлаас 0.2 хувиар саарсан нь мөн л шинжээчдийн таамгийг давж байна. Бизнесүүд, айл өрхүүдэд эрчим хүчний хямралын сөрөг нөлөөлөл үргэлжилсэн хэвээр байгаа тул энэ өвөл Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн агших төлөвтэй байгаа юм.
Инфляцын дүнг танилцуулсны дараа Европын бондын зах зээлд уналт давамгайлсан бол ХБНГУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж дөрвөн суурь нэгжээр өсөж, 2.15 хувь хүрсэн байна. Мөн еврогийн ханш ам.долларын эсрэг 0.3 хувиар суларч, спот ханш нь 0.99 орчимд хаагджээ.
Өнгөрсөн долоо хоногт бүсийн тэргүүлэх эдийн засагтай орон ХБНГУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх улирлаас илүү эрчтэй гарснаар тус улсын эдийн засаг агшина гэж байсан шинжээчдийн таамгийг эвджээ.
“Эдийн засгийн уналтын эрсдэл нэмэгдсээр байна. Өнөөгийн нөхцөл байдалд бидний шийдэмгий арга хэмжээ инфляцын дарамтыг багасгаж, инфляцын төсөөлөл хэт өсөхөөс сэргийлснээр дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих юм” хэмээн Испанийн Төв банкны Ерөнхийлөгч Пабло Эрнандес де Кос онцоллоо.