logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ОУВС: Газрын тос экспортлогч орнуудын гэнэтийн ашиг $1 их наяд хүрнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 01 14:45
    244
    Газрын тосноос орж ирэх ам.долларын урсгал ОУВС-ийн өнгөрсөн оны төсөөллөөс давахаар байна

    Ойрх Дорнод, Төв Азийн эрчим хүч экспортлогч орнуудын гэнэтийн ашиг 2022-2026 онд ойролцоогоор нэг их наяд ам.доллар хүрнэ гэж Олон Улсын Валютын Сан (ОУВС) тооцоолж байна. Ингэснээр Персийн булангийн орнуудад газрын тосны орлогоо хадгалах удаан хугацааны таатай нөхцөл бүрдэхээр байна. 

    Газрын тосноос орж ирэх ам.долларын урсгал ОУВС-ийн өнгөрсөн жилийн төсөөллөөс давахаар байгаа нь оны хоёрдугаар хагаст эдийн засгийн уналтын болгоомжлолын нөлөө байсан ч боловсруулаагүй газрын тосны үнэ өндөр хэвээр үлдсэнтэй холбоотой аж. Хөгжиж буй орнууд дундаас орлогоороо тэргүүлж буй Саудын Араб болон Персийн булангийн Хамтын ажиллагааны зөвлөлийн бусад таван гишүүн орон газрын тосны орлогынхоо гуравны нэгийг урсгал дансны ашиг болгох төлөвтэйг тус байгууллага онцолжээ.

    “Сүүлд газрын тосны үнийн уналтаас шалтгаалж сөрөг утга руу ороод байсантай нь харьцуулбал урсгал дансны ашиг мэдэгдэхүйц өндөр байна. Ялангуяа сүүлийн үеийн мөчлөг дагасан төсвийн бодлогоос эрс ялгарч байна” хэмээн ОУВС-аас даваа гарагт гаргасан Бүс нутгийн эдийн засгийн тайландаа дурджээ.

    Хоёрдугаар сард ОХУ Украинд халдан довтолсноос шалтгаалсан худалдаа, үйлдвэрлэлийн саатал түүхий эдийн зардлыг нэмэгдүүлж, дэлхий дахинд амьжиргааны өртгийн хямрал үүсгэсэн гол хүчин зүйл болсноор газрын тосны үнэ оны ихэнх үед баррель нь 100 ам.доллароос дээш хадгалагдсан юм.

    Харин Ойрх Дорнодын томоохон үйлдвэрлэгч орнуудын хувьд газрын тосны үнийн өсөлт нь олон жилд анх удаа төсвийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, татаас олгох, зарим өрийг хугацаанаас нь өмнө барагдуулахад нэмэр болсон байна.

    Персийн булангийн орнуудын урсгал дансны дундаж ашиг 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 10 гаруй хувь буюу өнгөрсөн оны дүнгээс бараг хоёр дахин илүү хувийг, харин 2023 онд 7.8 хувийг бүрдүүлэхээр байгааг ОУВС тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих