logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Дэлхийн чипийн борлуулалт 2020 оноос хойш анх удаа буурсан нь БНСУ-ын эдийн засагт цохилт боллоо
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 01 14:00
    388
    Дэлхийн хэмжээнд хагас дамжуулагчийн борлуулалт IX сард өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурчээ

    Дэлхийн зах зээлд чипийн борлуулалт буурсан нь энэхүү технологийн үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай БНСУ-ын эдийн засагт хүндхэн цохилт болов.

    Дэлхийн хэмжээнд хагас дамжуулагчийн борлуулалт өнгөрсөн есдүгээр сард өмнөх оны мөн үеэс гурван хувиар буурсан гэдгийг Вашингтон хотод байрлах Хагас Дамжуулагч Үйлдвэрлэгчдийн Холбооноос мэдээлсэн байна. Үүнтэй зэрэгцэн БНСУ-ын чипийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурсан гэдгийг тус улсын Үндэсний статистикийн албанаас даваа гарагт мэдэгджээ.

    Chip-sales.png

    Хагас дамжуулагчийн зах зээл БНСУ-ын эдийн засагт орлогын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг юм. Воны ханш унаснаар гадаад худалдааны алдагдал нь нэмэгдэж, инфляцын өсөлттэй холбоотойгоор хэрэглэгчдийн дунд эрэлт буурч байгаагаас тус салбарын өсөлт өнгөрсөн улирлаас удаашраад байв.

    Чипийн эрэлт огцом өсөлт эсвэл огцом уналтын циклийн хооронд эргэлдэх хандлагатай байдаг. Сүүлийн үеийн огцом уналт БНСУ-ын бодлого боловсруулагчдын толгойны өвчнийг нэгээр нэмэгдүүлээд байна.

    Өнгөрсөн сард тус улсын үл хөдлөх хөрөнгийн томоохон хөгжүүлэгч “Legoland" дефолт зарласнаар эдийн засагт зээлтэй холбоотой дарамт нэмэгджээ.

    Үүнээс гадна өнгөрсөн бямба гарагт Сөүл хотноо “Halloween”-ийн баяраар хэт олон хүн нэг дор цугларч, шахалдсаны улмаас 156 хүн амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон нь цаашдаа хэрэглэгчдийн эрэлт буурахад нөлөөлөх төлөвтэй байгаа аж.

    БНХАУ дахь цар тахлын хатуу хөл хорио, Украины дайн болон Бээжин, Вашингтоны хоорондох худалдааны зөрчил зэрэг асуудлуудаас үүдэн БНСУ-ын чип үйлдвэрлэгч томоохон компани “Samsung Electronics”-ийн III улирлын орлого зорилтот түвшиндээ хүрээгүй байна. Олон нийтэд тайлангаа танилцуулах үеэр тус компани 2023 оны хоёрдугаар хагасаас нааш хэрэглэгчдийн дунд чипийн эрэлт өсөх төлөвгүй байгаа гэж мэдэгджээ.

    Агуулахад байгаа чипийн нөөц есдүгээр сард 54.7 хувиар өссөн бол хагас дамжуулагчийн нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс зөвхөн 0.9 хувиар буурсан байна.

    Мөн тайлант хугацаанд БНСУ-ын үйлдвэрлэлийн бүтээмж 0.8 хувиар өсжээ. Энэхүү үзүүлэлт өнгөрсөн наймдугаар сард 1.8 хувиар буураад байсан гэж тус улсын Статистикийн албанаас мэдэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих