
Ухаалаг гар утаснаас эхлээд зэр зэвсэг хүртэл орчин үеийн бүхий л технологид ашиглагддаг газрын ховор элементийн салбар дахь БНХАУ-ын ноёрхлыг багасгахын тулд Япон улс далайн ёроолд 6000 метрийн гүнд олборлолт хийхээр төлөвлөж байгааг “Yomiuri” сонин мэдээллээ.
Тус улсын Засгийн газар ирэх санхүүгийн жилд Токиогоос өмнө зүгт орших Огасавара арлын ойролцоогоос газрын ховор элемент олборлох аргачлалыг хөгжүүлж эхлэх бөгөөд дараагийн таван жилийн дотор хайгуулын ажлаа эхлүүлэхээр зорьж буйг албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Хайгуулын ажилд энэ оны VIII болон IX саруудад Ибараки мужийн эргийн ойролцоо амжилттай туршсан технологи ашиглах юм байна. Тодруулбал: “Chikyu” хэмээх өрөмдөгч машинаар өдөрт 70 тонн шавар гаргаж, шигшилтэд бэлэн болгох боломжтойг онцолжээ.
Газрын ховор элементийн зах зээл 2022 оны эхний улиралд эрс өссөн ч БНХАУ-ын эдийн засгийн төлөв, зах зээлийн нөхцөл байдлаас болж үнэ нь унаад байгаа аж.
Тухайлбал: Неодим-Празеодимын хүчил энэ оны эхний улиралд кг нь 170 ам.доллар буюу сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрээд эргэн унажээ.
Хэдий тийм боловч дараагийн 6-18 сарын хугацаанд автомашины зах зээл дэх нийлүүлэлтийн саатал тогтворжиж, хэрэглэгчийн итгэл сэргэснээр газрын ховор элементийн үнэ I улирлын түвшинд эргэн очно гэж “Adamas” компани тооцоолсон байна.