logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Майкл Жорданы “Air Jordan 13” дуудлага худалдаагаар $2.2 саяар зарагдаж, дээд амжилт тогтоов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 12 17:10
    232

    Зургийг: Sotheby's

    "Air Jordan 13”-ийг Майкл Жордан 1998 оны “NBA”-ийн шувтаргын тоглолтын үеэр өмсөж байжээ

    Майкл Жорданы “Air Jordan 13” загварын спорт гутал “Sotheby's”-ийн дуудлага худалдаагаар 2.2 сая ам.доллароор зарагдаж, бүх цаг үеийн хамгийн өндөр үнэ хүрсэн спорт гутал боллоо.

    “Sotheby's” энэхүү спорт гутлыг 2-4 сая орчим ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан ч таамгаас доогуур үнээр зарагдсан гэж онцолсон байна.

    Энэхүү гутлыг Майкл Жордан 1998 оны “NBA”-ийн шувтаргын тоглолтын үеэр өмсөж байжээ. Түүний хувьд энэ тоглолт нь “Chicago Bulls”-ийн бүрэлдэхүүнд тоглосон сүүлийн тоглолт байсан тул “Air Jordan 13”-ийг нь “Сүүлчийн бүжиг” хэмээн нэрлэсэн аж. Тоглолт дууссаны дараа Майкл Жордан тэрхүү спорт гутлаа зочдын хувцас солих өрөөг цэвэрлэж байсан өрсөлдөгч багийн ажилтанд бэлэглэсэн байна.

    Үүнээс гадна 2021 онд Майкл Жорданы 1984 онд “NBA”-д анх тоглохдоо өмсөж байсан өөр нэгэн спорт гутал 1.5 сая ам.долларын үнэ хүрч байжээ. Харин 1982-1983 оны улиралд Хойд Каролинагийн их сургуулийн багт тоглохдоо өмсөж байсан богино ханцуйтай цамц нь 2022 онд 10.1 сая ам.доллароор зарагдаж байсан аж.

    “Air Jordan” спорт гутал хэрхэн бүтсэн түүхийг өгүүлсэн “Air” кино дөрөвдүгээр сарын тавнаас кино театруудад гарч эхэлсэнтэй зэрэгцэн дуудлага худалдаа болсон байна.

    Үүнээс өмнө Канье Вестийн өмсөж байсан “Nike Air Yeezy 1” спорт гутал 1.8 сая ам.доллароор зарагдаж, жагсаалтыг тэргүүлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих