
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, газрын тос, байгалийн хийн хайгуулын “TMK Energy” компани Монголд коксжих болон эрчим хүчний нүүрсний уурхайн төсөл эзэмшдэг “Terra Energy”-тэй хайгуулын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
“Terra Energy” компанийн хувьд “TMK Energy”-ийн нүүрсний давхаргын метан хий олборлох “Гурвантэс XXXV” төслийн талбайд байрлах "Баруун Ноён уул" нүүрсний уурхайг эзэмшдэг.
Талуудын байгуулсан хоёр жилийн хугацаатай хайгуулын хамтын ажиллагааны гэрээ нь “Гурвантэс XXXV” төслийн явцыг хурдасгах, хоёр компанийн зардлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг “TMK Energy” тайландаа дурджээ. Хамтын ажиллагааны хүрээнд талууд өрөмдлөгө, чичирхийллийн судалгааны хөтөлбөрт хамтран ажиллаж, зардлаа 50/50 зарчмаар хуваах юм байна.
“Баруун Ноён уулын коксжих нүүрсний төслийг хөгжүүлэхэд энэхүү хамтын ажиллагаа нь “Terra Energy"-ийн хувьд чухал алхам гэж үзэж байна. Манай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нүүрсний давхаргын метан хийн ашиглах боломжтой нөөцийг илрүүлсэн нь Монгол Улсад төдийгүй “Terra Energy"-д стратегийн ашиг тус өгөх төдийгүй дизель түлшний хэрэглээг орон нутгаас олборлосон метан хийгээр орлуулах замаар ирэх жилүүдэд үйл ажиллагааны зардлаа бууруулж, нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх бололцоо бий болгох магадлалтай гэж харж байна" хэмээн "Terra Energy" компанийн Гүйцэтгэх захирал Мэтью Кроуфорд онцоллоо.
“TMK Energy” компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компани Монгол Улсад 15 жилийн хугацаатай хайгуулын лиценз эзэмшиж, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн газар нутагт урт хугацааны байгалийн хийн олборлолт хийхээр төлөвлөөд байгаа юм.