
Шанхай хотын ойролцоо шинээр байгуулсан технологийн зангилаа төв Линган “Tesla” тэргүүтэй томчуудыг амжилттай татаж чадсан юм. Харин түүнээс хойш гурван жил өнгөрсөн ч бараг оршин суугчгүй хэвээр байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Шанхайн захын нэгэн тайван хорооллыг улсынхаа дараагийн "Цахиурын хөндий" болгох зорилт тавьсан. Гэвч бүтээн байгуулалтын ажил эхэлснээс гурван жил гаруйн дараа түүний энэхүү алсын хараанд тулгарч буй бэрхшээлүүд улам нэмэгдсээр байна.
120 км² буюу Сингапурыг зургаа хуваасны нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй Линган хэмээх хэсэгхэн газрыг Ши 2018 онд БНХАУ-ын чөлөөт худалдааны тэргүүлэх бүс болгон зарлаж, Дубай болон Сингапурын загварыг даган хөгжүүлэхээр болж байв. Түүнчлэн дотоодын инновацыг сайжруулж, гадаадын технологиос хамааралтай байдлыг арилгах дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн шинэ төвөөр Линганыг сонгожээ.
Гурван жилийн ойд нь зориулж БНХАУ-ын Засгийн газар Линганыг олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан амжилттай төсөл болсон хэмээн ухуулж буй. Үнэхээр ч Линганы амжилт нь ирэх сард болох Коммунист намын их хурлаар гурав дахь удаагаа Төрийн тэргүүнд сонгогдохоор бэлтгэж буй Ши Жиньпиний хийж хэрэгжүүлсэн ажлуудын тоонд орох юм.
ЛИНГАН 3 НАС ХҮРЭВ
Хөрөнгө оруулалт татаж, БНХАУ-ын зах зээлийг тэлэх технологийн паркууд, худалдааны тусгай бүсүүд босгох талд Коммунист намын туршлага арвин боловч шинэ "Цахиурын хөндий" гэгдсэн Линганы ирээдүй хаашаа эргэхийг хэлэхэд эрт байна.
Дотоодын эдийн засаг удааширч, геополитикийн зөрчил БНХАУ-ын технологийн салбарыг хойш нь чангаах тусам Линган хувийн хөрөнгө, чадварлаг хүний нөөц татахад улам хүндрэлтэй болох магадлалтай аж.
Шанхай хотоос автомашинаар 90 минут явах зайд байх Линган дахь 300 гаруй төсөлд 62 тэрбум ам.долларын санхүүжилт татаж чадсаныг БНХАУ-ын Төрийн хэвлэл мэдээлжээ. Үүнд цахилгаан автомашин, чип үйлдвэрлэл зэрэг орох бөгөөд өрсөлдөхүйц татвар, хил дамнасан худалдаа, мөнгөний саадгүй урсгал, дэлхийн хамгийн том чингэлэг тээврийн боомттой ойрхон байршлын ачаар дээрх үзүүлэлтэд хүрчээ.
Хэдий тийм боловч Линганд 2019 онд шинэ үйлдвэрээ босгосон “Tesla” компанийг эс тооцвол тус төвийн хамгийн том хөрөнгө оруулагчид нь голлон дотоодынх байгаа юм. Жишээлбэл: Төрийн өмчийн “Semiconductor Manufacturing International Corp”, хиймэл оюун хөгжүүлэлтийн “SenseTime Group”, цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэгч “Contemporary Amperex Technology” зэрэг компаниуд Линганд үйлдвэрлэлээ явуулж байна. Гэвч БНХАУ-ын технологийн салбарыг чиглэсэн санхүүжилтээ танах АНУ-ын бодлого өргөжих тусам Линганы гол хөрөнгө оруулагчдын жагсаалтад үндэстэн дамнасан том компаниуд дутсан хэвээр байна.
Өдгөө Линган орхигдсон хотоос бараг ялгаагүй болсон бөгөөд дээр дурдсан компаниудын ихэнх нь хотын захаар байрладаг. Наад захын дэд бүтэц, орон сууц, сургууль, нийтийн тээврийн хүртээмж хомс тул Линганд хамгийн хэрэгтэй эрдэмтэд, инженерүүд дөлдөг хэвээрээ аж. Линганд ажиллаж буй иргэдийн ихэнх нь ойролцоох дүүргүүдэд ажилтайгаа ойрхон амьдардаг үйлдвэрийн ажилчид, талбайн менежерүүд байдаг аж.
Хамгийн сүүлд өндөр албан тушаалтнууд зочлох үед Линган эрчимтэй бүтээн байгуулалт явагдаж, өргөжин тэлж буй аж үйлдвэрлэлийн бүс мэт харагдаж байв. Хотын төв хэсэгт аварга том хиймэл нуур, хоёр талаар нь мод тарьсан төв зам, зүлэгжүүлсэн талбай, худалдааны төвийн шилэн барилгууд байх ч цөөхөн явган зорчигчийг эс тооцвол хөл хөдөлгөөн бараг байхгүй.
“Үйлдвэрлэлийн боломж харьцангуй сайтай гэдэг нь Линганы гол давуу тал. Гэхдээ хүний нөөцийн чадвар хэдий чинээ өндөр байх тусам амьдрал болон ажлын орчны чанар төдий чинээ сайн байх шаардлагатай. Иймд Линганд нөхөх ёстой зай завсар байсаар байна” хэмээн Шанхайн Нийгмийн ухааны академийн ахлах судлаач Ли Жянь өгүүлжээ.
Үнэнийг хэлэхэд бөглүү газрыг бизнесийн хөгжингүй төв болгох туршлага Шанхайд хангалттай бий. Тус хотын зүүн хэсэгт орших өмнө нь тутаргын талбай байсан Пудон 30-аад жилийн дотор БНХАУ-ын тэргүүлэгч санхүүгийн дүүрэг болж хувирсан юм. Мөн үндэстэн дамнасан томоохон компаниудын төвлөрдөг Жанжянь технологийн парк тус дүүрэгт оршдог.
Харин Шанхай Линганд чиглэсэн амбиц өндөртэй зорилт тавьсан юм. 2025 он гэхэд Линганд дэвшилтэт технологийн 1000 компани, компанийн санхүүжилттэй судалгаа, хөгжлийн 100 институт, олон улсад өрсөлдөхүйц найман лаборатори байрлана. Мөн тухайн үед чип үйлдвэрлэлийн үнэ цэн нь 2021 онтой харьцуулахад 10 дахин өсөж, 100 тэрбум юань хүрэх ёстой аж.
Эдийн засаг, геополитикийн өсөн нэмэгдэж буй сорилтууд БНХАУ-ын Засгийн газрын энэ зорилтдоо хүрэх эрчийг сааруулахгүй бололтой. Хамгийн эхэнд хэрэгжүүлэх ажил бол 2025 он гэхэд 800 мянган оршин суугчийг амьдруулахад хүрэлцэх орон сууц барих явдал юм. Энэ онд л гэхэд Линганд хоёр сая гаруй м² талбайг орон сууцны хөгжүүлэлтэд зориулан нөөцлөөд байгаа аж.
“Урт хугацаандаа технологийн төв болон хөгжих бололцоо Линганд байж магадгүй. Хэдий тийм боловч энэ бол амаргүй үүрэг даалгавар. Урт хугацаа гэдэг нь хэтэрхий урт байна” хэмээн Шанхайд төвтэй хедж сан “Kandao Asset Management”-ийн Пан Жянь онцоллоо.