
БНХАУ-ын Засгийн газар олон хотууддаа цар тахлын хорио, хязгаарлалтыг сулруулж байгаатай зэрэгцэн эдийн засагчид тус улсын COVID-19-ийг Үл тэвчих бодлого хэзээ цуцлагдах тухай төсөөллөө наашлуулж эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт “Bloomberg”-ийн судалгаа авсан 16 эдийн засагчийн ес нь БНХАУ эдийн засгаа өмнө таамаглаж байснаас эрт нээнэ гэж хариулжээ. Харин тэдний дөрөв нь ирэх оны II улиралд тус улс эдийн засгаа нээнэ гэж үзсэн байна.
Цар тахлын эсрэг стратеги нь одоо дээд түвшиндээ хүрээд буй халдварын тархалтыг тогтоон барьж чадахгүй нь ойлгомжтой болсны дараа БНХАУ-ын эрх баригчид эдийн засгаа эргэн нээх ажлаа эрчимжүүлж байгаа юм.
Өнгөрсөн сард Бээжингээс цар тахлын эсрэг тэмцлээ эдийн засгийн үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй, илүү голомтод чиглэсэн болгон өөрчлөх 20 заалт бүхий зөвлөмжийг баталсан аж. “Энэхүү нарийн тодорхойлсон 20 арга хэмжээг дүгнэвэл БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо аль хэдийн цуцалж, халдварыг бүрэн дарахаас илүү тогтворжуулахад анхаарч эхэлсэн гэж хэлж болохоор байна” хэмээн “Mizuho Securities” компанийн Эдийн засагч Серена Жоу өгүүлжээ.