
Сүүлийн жилүүдэд дэлхийн улсуудад хуримтлагдсан өрийн хэмжээ нь Төв банкнууд инфляцтай тэмцэхэд сорилт болж байгааг Олон улсын төлбөр тооцооны банк (Bank for International Settlements) онцолсон байна.
“Энэ ажилд хүндрэл учруулж буй нэг хүчин зүйл бол дэлхий даяар Засгийн газрын болон хувийн хэвшлийн өрийн түвшин маш өндөр байгаа явдал юм. Өрийн хуримтлал ийнхүү нэмэгдсэн нь эдийн засаг бодлогын хүүгийн өсөлтөд маш мэдрэг байгааг харуулж байна. Гэхдээ хэр мэдрэг гэдэг нь одоогоор тодорхой бус” хэмээн Швейцарын Базельд төвтэй тус байгууллагын тэргүүн Клаудио Борио онцоллоо.
Мөн Төв банкнуудын хариу үйлдэл цагаа олсон, шийдэмгий байсан ч энэ арга хэмжээгээ хэр түвшинд хүртэл, хэр удаан үргэлжлүүлэх хэрэгтэйг тогтоох нь гол сорилт болохыг тэрбээр дурдав.
Олон улсын төлбөр тооцооны банкны тайланд дурдсанаао 40 улсын Засгийн газрын өр тэдгээрийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувьтай тэнцэх болсон нь 2020 оны эхэн үеэс 79 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж.
Хэдий тийм боловч төсөөллөөс давсан инфляцын өсөлтийн мөчлөг дууссаны дараа олон улсад үнийн өсөлт эдийн засгийн үйл ажиллагаатай зэрэгцэн суларсныг тус байгууллага даваа гарагт гаргасан тайландаа дурджээ.
Үүнээс гадна АНУ-аас бусад оронд байршилтай байгууллагуудад валютын дериватив хэлбэрээр 65 их наяд ам.долларын өр хуримтлагдсан нь дэлхийн санхүүгийн системд тулгарсан нуугдмал эрсдэл болохыг “Huge, missing and growing” нэртэй судалгаандаа онцолсон байна.
Үүнтэй холбоотой мэдээллийн дутагдалтай байдал нь бодлого тодорхойлогчдод дараагийн санхүүгийн хямралыг тооцоолоход хүндрэл учруулж байгааг бичжээ. Ялангуяа деривативын позицыг хэрхэн хянах тухай нягтлан бодох бүртгэлийн зарчмаас шалтгаалж дээрх өр тайлан тэнцэлд багтахгүй өнгөрч байгааг асуудал болгон хөндсөн байна.