logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Криптовалют жил гаруйн дараа сэргэж, өсөлтөөрөө хувьцаа, бонд, алтнаас илүү гарав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 10 13:30
    276
    Криптовалютын ханшид мэдрэг “Coinbase”, “Riot” зэрэг компаниудын хувьцааны ханш өсөөд байна

    Өнгөрсөн онд уналтад ороод байсан виртуал хөрөнгийн зах зээлд 2023 оны эхээр сэргэлтийн зарим шинж тэмдэг ажиглагдаж, одоогийн байдлаар өсөлтөөрөө хувьцаа, бонд, алтны үнээс даваад байна. 

    Тэргүүлэх токенуудаас бүрдсэн “MVIS Crypto Compare Digital Assets 100” индекс энэ сар гарсаар долоон хувиар өссөн бөгөөд харьцуулбал ижил хугацаанд хувьцаануудын ханш хоёр хувь, бондууд нэг хувь, алтны үнэ гурван хувиар өссөнийг “Bloomberg”-ийн тайлангаас харж болно. 

    unnamed.jpg

    Инфляцын өсөлт саарч байгаатай зэрэгцэн Төв банкнууд бодлогын хүүг өсгөх эрчтэй өсгөх циклээ түр завсарлуулах магадлал нэмэгдсэн нь дэлхийн зах зээлийн өсөх хөдөлгөөнд түлхэц болж байна. Энэхүү эерэг хүлээлтийн нөлөөлөл “FTX” биржийг дагасан дампуурлын эрсдэл оршсоор байгаа крипто зах зээл рүү хальсан нь энэ юм.

    “Криптовалютад сулхан зүрхний цохилт байсаар байна. Макро орчин илүү дээрдэж, зарах хөдөлгөөний эрчим суларсан шинж ажиглагдаж байна. Хэдий тийм боловч “Bitcoin” хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр өдөөхийн тулд 200 өдрийн дундаж гэх мэт техникийн гол үзүүлэлтүүд сайн байх нь чухал” хэмээн “IG Australia”-ийн зах зээлийн шинжээч Тони Сикамор онцоллоо.

    Өнгөрсөн онд нийт зах зээлийн үнэлгээнийхээ 64 хувийг алдсан “Bitcoin”-ийн үнэ зургаан өдөр дараалан өссөн нь 2022 оны хоёрдугаар сараас хойших хамгийн сайн үзүүлэлт болсон байна. Даваа гарагийн арилжаагаар “Bitcoin”-ийн үнэ Нью-Йоркийн биржид хоёр хувиар өсөж, 17,233 ам.доллар хүрсэн нь сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшин болов.

    Харин зах зээлийн үнэлгээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг “Ether”-ийн үнэ 2022 онд 67 хувиар унасан бол энэ сард 11 хувиар өссөн байна. Үүнээс гадна “FTX”-ийн үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фридтэй холбоотой байсны улмаас өнгөрсөн жил бараг бүх үнэ цэнээ алдаад байсан “Solana” токен нэгдүгээр сарын эхний өдрүүдэд 60 хувийн өсөлт үзүүлжээ.

    Криптовалютын ханшид мэдрэг байдаг “Coinbase”, “Riot” зэрэг компаниудын хувьцааны ханш дээрх сэргэлтийн нөлөөгөөр мөн өссөн байна. Даваа гарагт “Coinbase”-ийн хувьцааны ханш 13 хувиар өссөн бол 2022 онд 86 хувиар унаад байгаа “Riot”-ийн хувьцааны ханш мөн адил 13 хувийн өсөлт үзүүлжээ.

    Cэтгэгдэл бичих