
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот дахь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ IX сараар эцэслэгдсэн сүүлийн 12 сарын хугацаанд 70.3 хувийн өсөлт үзүүлжээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээгээр “Топ 5” хувьд багтах хамгийн эрэлттэй, үнэтэй орон сууцууд бүхий хотуудыг жагсаадаг “Knight Frank’”-ийн дэлхийн эрэмбэд тус хот өсөлтийн эрчээрээ тэргүүлсэн байна.
Дээрх эрэмбэд Лондон хот 2.5 хувь, Парис хот 8.9 хувь, Нью-Йорк хот 7.3 хувийн өсөлттэй бичигджээ. Бодлогын хүүгийн өсөлт, эрчим хүчний хямралаас үүдэлтэй эдийн засгийн удаашралаас шалтгаалан эдгээр хотуудад орон сууцны борлуулалт буураад байгаа аж.
Дубайн орон сууцны зах зээлд гүйлгээ хурдан шуурхай хийгдэж байгааг, мөн гүйлгээний 70 хувь нь бэлэн мөнгөөр явагдаж байгааг үл хөдлөх хөрөнгийн брокерууд, хөгжүүлэгчид онцолж байна. Украины дайнаас шалтгаалан аюулгүй орчинд амьдрахыг хүссэн ОХУ-ын чинээлэг иргэд, мөн хөрш зэргэлдээ Персийн булангийн орнуудын стартап үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчид газрын тосны үнийн өсөлтөөс ашиг олсныхоо дараа Дубайд шинээр сууц авах нь эрс нэмэгджээ.
Гуравдугаар сард БНЭУ-ын тэрбумтан Мукеш Амбани өөрийн бага хүүдээ зориулж Дубайд 80 сая ам.долларын үнэтэй харш худалдан авсан нь тус хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дээд амжилт болж байв. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа нэрээ нууцалсан нэгэн худалдан авагч дал модны хэлбэртэй хиймэл арал “Palm Jumeirah” дээрх унтлагын найман өрөөтэй, 18 ариун цэврийн өрөөтэй вилла харшийг 82.4 сая ам.доллароор авсан байна. Гэтэл энэхүү дээд амжилт ч гэсэн өнгөрсөн долоо хоногт эвдэгджээ. Мукеш Амбаний энэ удаад 163 сая ам.доллар зарцуулж, энэхүү аралд өөр нэгэн харш худалдан авсан нь Дубайн үл хөдлөх хөрөнгийн эрэлт зогсолтгүй өсөж буйг гэрчилж байна.
Ердөө 10 гаруй жилийн өмнө тус хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орж байснаас үзэхэд энэ нь үнэхээр гайхширал төрүүлэх сэргэлт юм. Дубайн зарим хөгжүүлэгчид банкнуудад олон тэрбум ам.долларын зээлтэй, мөн гадаадын хууль бус мөнгө үл хөдлөхийн зах зээлээр дамжиж байна гэсэн хардлага үүссэнээр энэ онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу FATF-аас Арабын Нэгдсэн Эмират улсыг “Саарал жагсаалт”-даа оруулахад хүргэжээ. Түүнээс хойш мөнгөний орох урсгалыг хянах ажилд ахиц дэвшил гарсны зэрэгцээ үнийн савлагаа дахин үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авснаа тус улсын Засгийн газар мэдэгдээд байна.
“Дубай бол нэрээ нууцлаад үл хөдлөх хөрөнгө авахад амархан газар. Олон улсын хямрал гарах болгонд Дубай руу чиглэсэн мөнгөний урсгал эрс нэмэгддэг. Цар тахлын үед энэ өсөлтийг бүр нээлттэй дэмжиж байсан бол Украины дайны үед арай бага байна. Аль ч тохиолдолд энэ нь тус улсын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний гол хэсэг хэвээр үлдэнэ” хэмээн Олон улсын энх тайвны төлөөх “Carnegie” сангийн судлаач Жоди Виттори өгүүлж байна.
Одоогийн байдлаар дээрх арга хэмжээнүүд үл хөдлөх хөрөнгийн буцалж буй зах зээлд төдийлөн нөлөөлөхгүй байна. Арабын Нэгдсэн Эмират улсад энэ онд 4000 саятан цагаачилснаар хувийн хөрөнгө татсан хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж буйг Цагаачлалын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Henley & Partners” мэдээлжээ.