
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сарын эхээр хийсэн гадаад айлчлалаасаа хойш анх удаа олны өмнө гарсан байна.
Тэрбээр Бээжинд зохиогдож буй БНХАУ-ын сүүлийн 10 жилийн ололт амжилтыг танилцуулах үзэсгэлэн дээр Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийн хамтаар зочилсныг "Синьхуа" агентлаг мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний эрх мэдэл ганхсан, түүгээр зогсохгүй БНХАУ-д Төрийн эргэлт гарсан гэх цуурхал цахим орчинд тараад байв.
Ши Жиньпин Узбекистанд болсон ШХАБ-ын чуулганд оролцоод энэ сарын 16-нд Бээжинд эргэж ирснээсээ хойш хэвлэл мэдээллийн дуранд ганц ч өртөөгүй байсан юм. Энэ нь цаг хугацааны хувьд БНХАУ-д гадаадаас ирсэн хүмүүсийг тусгаарлах хоногтой таарч байгаа аж. Тодруулбал: БНХАУ-д COVID-19-ийг Үл тэвчих бодлогын хүрээнд гадаадаас ирсэн иргэдийг долоо хоног зочид буудалд тусгаарлаад дараа нь гурав хоног гэрийн ажиглалтад байлгах журам мөрдөгдөж буй.
Өнгөрсөн долоодугаар сард Ши Жиньпин Хонгконгт зочлоод эргэн ирснийхээ дараа мөн хоёр долоо хоног гаруй хугацаанд олны нүдэнд гараагүй аж. Эдгээр тохиолдлууд нь COVID-19-ийн халдвараас сэргийлэх хатуу дүрэм журмыг чанд даган мөрдөх талд олон нийтэд үлгэр жишээ үзүүлж буй явдал гэж шинжээчид үзжээ.
Цар тахлаас болж хоёр жил гаруй хугацаанд гадаад айлчлал хийгээгүй байсан тэрбээр Узбекистанд бусад орны удирдагчидтай уулзахдаа амны хаалтаа аваагүйн зэрэгцээ тэдэнтэй хамт үдийн зоог бариагүй аж.