
Зургийг: mofa.gov.mn
Гуравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар Монгол Улсын нийт нутгийн 40 орчим хувьд зарим газраар 1-29 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг 29 см, Увс аймгийн Малчин, Давст сумын нутгаар 23 см, Завханы Тэс 22 см, Увс аймгийн гурван сум, Завханы Баянтэс сум 20 см бусад нутгаар 1-15 см цасан бүрхүүлтэй байгаа аж.
Нийт нутгийн цасны тогтоц өмнөх долоо хоногоос 20 хувиар буурсан байна. Таван аймгийн 18 суманд хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай байгаа бол есөн аймгийн 17 сум зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу болж, зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурчээ.
“Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг хамгаалах нь” төслийн хүрээнд зудын өндөр эрсдэлтэй аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдийн чадавхыг бэхжүүлж, яаралтай тусламжийн багц олгохоор болоод байгааг ХХААХҮЯ мэдээллээ. 11 аймгийн зудын эрсдэл нэн их болон их 158 сумын эмзэг бүлгийн 510 малчин өрхөд малын тооноос хамаарч мөнгөн тусламж, эрдэс-витамины бэлдмэл олгох аж.
2023 он гарсаар 483 мянга 593 толгой том мал зүй бусаар хорогдоод байна. Энэ нь өмнөх 14 хоногоос 67 мянган толгойгоор нэмэгдлээ.
Сүхбаатар аймагт 71 мянга 872, Архангай аймагт 67 мянга 524, Увс аймагт 64 мянга 57, Завхан аймагт 57 мянга 873, Ховд аймагт 33 мянга 447 толгой мал хорогдоод байгаа аж.
Урьдчилсан мэдээллээр энэ жил улсын хэмжээнд 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан дүн гараад байсан юм.
Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 80 хувийн зарцуулалттай байна. Малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг бэлтгэсэн аж.
Өнгөрсөн оны аравдугаар сарын эцсийн байдлаар аймаг, сумд 22 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлийн нөөцтэй байсан бол борлуулалтаас 5.5 мянган тонн өвс, 3.4 мянган тонн тэжээл нэмж татан авч өвсний 74 хувь, тэжээлийн 66 хувийг зарцуулжээ. Одоогоор 7.2 мянган тонн өвс, 4000 тонн тэжээлийн нөөцтэй байгаа аж.