
БНХАУ-д өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн халдварын батлагдсан тохиолдол дөрөвдүгээр сарын оргил үзүүлэлтээс давж, шинэ дээд түвшинд хүрээд байна. Тархалтыг хязгаарлахын тулд албаныхан илүү хэсэгчилсэн, вирусийн голомтод чиглэсэн арга хэмжээ авч эхэлснээс хойш халдварын тохиолдол ийнхүү эрс өсөөд байгаа юм.
Лхагва гарагт БНХАУ-ын хэмжээнд "коронавирус"-ийн халдварын тохиолдол 29 мянга 754-өөр нэмэгдсэн нь Шанхай хотод хоёр сарын хатуу хөл хорио үргэлжилж байсан дөрөвдүгээр сард хамгийн ихдээ 28 мянга 973 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан үзүүлэлтээс давжээ.
Хэдий тийм боловч тус улсын албан ёсны тоо баримтад шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн тохиолдлыг тусад нь мэдээлж байгаа тул халдвар авсан хүмүүст шинж тэмдэг илэрсний дараа дахин ангилал хийснээр бүртгэгдсэн тохиолдол давхардаж өссөн байж магадгүй байгаа аж.
Эрх баригчдын хувьд эдийн засгийн өсөлтийг төлөөс болгосон COVID-19-ийг Үл тэвчих бодлогодоо эргэн орох эсэхийг шийдэх чухал мөчид ийнхүү халдвар эрчимжсэн нь анхаарал татаж байна. Бээжин, Чунчин, Гуанжоу зэрэг томоохон хотод олон тооны орон сууц, оффисын барилга, худалдааны төвүүдэд “коронавирус”-ийн халдвар тархсан тул ерөнхийдөө зогсонги байдалд ороод байгаа аж.
Одоогийн байдлаар БНХАУ-д хотыг бүхэлд нь хамарсан хөл хорионы дэглэм тогтоогдоогүй байгаа ч өргөн хүрээний хязгаарлалтын арга хэмжээ нь эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Эрх баригчдын зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээг нийгэмд аль болох төвөг учруулахааргүй байдлаар авахаа амласан юм.
Мөн “Apple” компанийн “iPhone” гар утасны хамгийн том үйлдвэр байрладаг Жөнжөү хотын ихэнх хэсэгт баасан гарагаас эхлэн тав хоногийн турш хөл хорио тогтоохоор болсон аж. Лхагва гарагт “iPhone”-ийн “хот” гэж нэрлэгддэг тус үйлдвэрт байрлаж ажилладаг олон зуун ажилчин хөл хорионы дэглэмийг эсэргүүцэн хамгаалалтын албаныхантай мөргөлдсөний дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Бээжин хотод лхагва гарагт 1611 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр хязгаарлалтын арга хэмжээ нь улам чангараад байна. Орон сууцны олон хотхон түр хугацааны хөл хорионд орж, оффисын барилга, дэлгүүр, энтертайнмент төвүүд олноороо хаалгаа бариад байгаа аж. Халдвар хамгийн ихээр бүртгэгдэж буй Чаоян дүүрэгт сургуулиуд цахимаар хичээллэж эхэлснээс гадна зоогийн газруудад сууж үйлчлүүлэхийг хоригложээ.