
- Бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Та карьерынхаа замналын талаар товчхон сануулахгүй юу, та бол санхүүгийн салбарын хүн. “Rio Tinto”-д Санхүү хариуцсан захирлаар хоёр жил ажилласан. 2021 онд Гүйцэтгэх захирлаар томилогдсон шүү дээ.
- Тийм ээ, баярлалаа. Та зөв хэллээ. Карьерын маань багагүй хугацаа санхүүтэй холбоотой. Би газрын тос байгалийн хийн салбарт ажилласан. Тухайлбал: “Shell”-д дэд Ерөнхийлөгч байсан. Мөн усан замын тээврийн “Maersk” компанид ажилласан. 2018 онд “Rio Tinto”-д орсон нь тун завшаантай хэрэг болсон. Хүнд хэцүү хэдэн жилийн нүүр үзсэн ч компани эргээд тогтвортой замдаа орсон. Уул уурхай, металлын чиглэлийн компани урьд өмнө одоогийнх шиг чухалд тооцогдож байсангүй. Дэлхий дахинд нөхцөл байдал тун тодорхойгүй байна. Хүн бүр л нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдалд анхаарал хандуулж байна. Дээр нь цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдэж, “хүрэн эдийн засаг”-аас “ногоон эдийн засаг”-т шилжихийн тулд дэлхий дахинд эрчим хүчний цоо шинэ систем бий болж байна. Тэгэхээр бидний гүйцэтгэх үүрэг хариуцлага өндөр.
- Танай компани Канадад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Зүүн хэсэгт төмрийн хүдрийн том уурхай ажиллуулж байгаа. Квебек мужид хөнгөн цагааны томоохон төсөл хэрэгжүүлдгээс гадна хөнгөн цагаан боловсруулах томоохон үйлдвэртэй. Мөн очир эрдэнийн уурхай байна.
- Тийм ээ, үүнээс гадна Квебекийн ойролцоо дэлхийд хамгийн томд тооцогдох титаны үйлдвэртэй. Энэ бол маш том бизнес. Канадад үйл ажиллагаа явуулж байгаадаа бид бахархалтай байдаг. Бизнес явуулахад гайхалтай улс.
- “Rio Tinto” төмрийн хүдрийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн 10-аас дээш жилийн хугацаанд ашгийнхаа дийлэнх хувийг энэ салбараас олж байгаа байх аа?
- Бодит байдал ямар байна гэхээр, хөгжиж байгаа орнуудын хувьд ард иргэдээ ядуурлаас гаргахад хотжилт чухал гэдэг утгаараа ган яах аргагүй нэн шаардлагатай байсаар ирсэн. Тийм учраас дэлхий дахинд сүүлийн 20 жилд төмрийн хүдрийн эрэлт огцом өссөн. Манай компанид энэ боломж нь таарсан байх.
- Миний сонирхлыг татаж байгаа нэг зүйл юу вэ гэхээр Канадын хууль, зохицуулалт, шаардлагыг биелүүлэхэд хугацаа шаарддаг. Мөн Канадад төсөл хөгжүүлнэ гэдэг амаргүй. Таны туршлагаас харахад ямар байв?
- Дэлхийн аль ч улсад уул уурхай, металлын төсөл хэрэгжүүлээд явна гэдэг амаргүй. Миний бодлоор Канадын бизнесийн орчин сайн. Геологийн талаасаа үзүүлэлт. Хэдий тийм боловч нөгөө талаасаа бидэнд сургамж болсон зүйл юу вэ гэхээр орон нутгийн иргэд, уугуул иргэдээ орхихгүй байх ёстой. Орон нутгийн иргэд, цаашлаад нийгэмдээ тухайн төсөл ашиг тусаа өгөх учиртай. Нийгмийн чиглэлийн сонголтууд гэж болно.
Канадын бизнесийн орчинд үйл ажиллагаа явуулахад бидэнд таатай байдаг. Мэдээж үйлдвэрлэлийн чиглэлээр өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж байгаа. Олон улсын зах зээл дэх өрсөлдөөнтэй тулгардаг. Энэ чиглэлд өрсөлдөх чадвараа хадгалах талд хамтран ажиллах хэрэгтэй байгаа. Барууны орнуудаас бусад нь л үйлдвэрлэл явуулаад байгаа юм биш шүү дээ.
- 2018 онд канад долларын ханш ам.доллартой бараг тэнцсэнийг та санаж байгаа байх. Энэ нь танай Канад дахь бизнесийн ашгийг бууруулсан уу?
- “Rio Tinto” бол улирал юм уу жилээр тодорхойлогдох компани биш. Олон арван жилийн настай компани. Таны дурдсан шиг хэлбэлзлийн тухайд бол тийм зүйлийн цаадхыг харахыг эрмэлздэг. 140 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компани. Мөн бараг л өргүй гэж хэлж болно. Энэ утгаараа аливаа хэлбэлзлийн үед ганхахгүй байж, урт хугацаанд харж чадна.
- Танай компанийг “BHP”-тэй харьцуулаад харвал, танай компанийн хувьцааны ханшийн таван жилийн өөрчлөлт гэвэл 40 хувийн өсөлттэй байна. Харин “BHP”-ийнх 60 хувиар өссөн. Уугуул иргэдийн дурсгалт газрыг сүйтгэсэнтэй холбоотой асуудал, Гүйцэтгэх захирал солигдсон зэрэг нь танай хувьцааны ханшид нөлөөлсөн гэж бодож байна уу?
- Миний хувьд компанийнхаа талаарх мэдээллийг нээлттэй өгдөг. Харин компанийн үнэлгээний хувьд бол санхүүгийн зах зээл дэх сүрхий ухаалаг хүмүүс хариултыг нь олдог. “BHP” бол бас нэг гайхалтай компани. Мэдээж сүүлийн үед нүүрсний салбараас ихээхэн орлого олж байгаа нь нөлөөлж байгаа. Харин манай компанид нүүрсний бизнес байхгүй. Энэ л гол ялгаа байх.
- Энэ их сонирхолтой сонсогдож байна. Танайх яагаад нүүрс салбар руу ороогүй юм бэ?
- Бид нүүрсний бизнес хийж байсан. Таван жилийн өмнө нүүрсний бизнесээ худалдсан. Шатах түлшний салбарт өрсөлдөх шаардлагагүй гэж үзээд сонголтоо хийсэн. Бурууг тохно гэхээсээ илүүтэй эрдэс, металлын чиглэлдээ л төвлөрөхийг зорьсон гэсэн үг.
- Уучлаарай, хэдэн жилийн өмнө хөрөнгө оруулалтаа татсаныг мартсан байна. Квебектэй холбож асууя. Байгаль орчны чиглэлээр хийж байгаа томоохон хөрөнгө оруулалтынхаа талаар ярихгүй юу. Танай хөнгөн цагааны төсөл эрчим хүчээ усны эрчим хүчээр шийдсэн нэлээд “ногоон төсөл” байгаа. Квебект ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байна вэ?
- Хийж болох хоёр зүйл байгаа л даа. Нэгдүгээрт бол хамгийн сүүлийн үеийн технологи руу шилжиж байх шаардлагатай. Ингэснээр нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулна. Энэ нь сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүчээ шийдсэнээр эхэлнэ. Энэ томоохон хэсэг нь. Харин нөгөө хэсэг нь сүүлийн үеийн технологи. Бид хөнгөн цагааны үйлдвэрүүдийнхээ технологийг шинэчлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна нэг гайхалтай зүйл бол бид “Alcoa” компанитай, Квебек муж, Канад улсын Засгийн газар болон “Apple”-тай хамтарч байгаа. Бид шинэчлэл авчрах технологи хөгжүүлсэн бөгөөд ингэснээрээ 100 жилийн настай үйлдвэрлэлийн аргыг өөрчилж байгаа юм. Хөнгөн цагаан гаргаж авахын тулд нүүрстөрөгчийн анод ашиглан хүчилтөрөгчөөс нь салгадаг байсныг өөрчилж, инертийн анод ашигладаг болсноороо нүүрсхүчлийн хий биш хүчилтөрөгч ялгаруулна. Ингээд хөнгөн цагааныг нүүрсхүчлийн хий ялгаруулалгүйгээр үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ бол үр дүнтэй ажилладаг технологи.
Харин илүү өргөн далайцтай түвшинд ажиллуулдаг болоход хугацаа шаардлагатай. Үнэхээр гайхалтай гэж бодож байна. Үйлдвэрлэлийн процессыг өөрчилж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг зогсоосон тийм ирээдүй ирэх боломжтой.
Манай компанийн уул уурхайн төслүүд тодорхой хэмжээнд CO2 ялгаруулдаг. Гэхдээ нүүрсхүчлийн хий ялгаруулалтын дийлэнх нь боловсруулах үйлдвэрлэлтэй холбоотой байдаг. Боловсруулалттай холбоотой асуудлыг нь шийдсэнээр дэлхий дахинд үнэхээр том үр дүн авчирна. Шулуухан хэлэхэд хөнгөн цагаангүйгээр эрчим хүчний шилжилт хийх боломжгүй. Энэ бол эрчим хүчний шилжилтийн амин чухал хэсэг юм.