logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    "Codelco" компани 2032 он гэхэд 8 сая тонн зэсийн хомсдол үүсэж болзошгүйг анхааруулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 25 12:00
    126
    2030 оноос эхлэн жил бүр 6 сая тонн зэсийн хомсдол үүснэ гэсэн мэргэжилтнүүд таамаглаж байна

    Чили улсын Төрийн өмчит "Codelco" компани 2032 он гэхэд дэлхий дахинд найман сая тонн зэсийн хомсдол үүснэ гэж пүрэв гарагт анхааруулжээ. Зэсийн эрэлт үйлдвэрлэлийн хүчин чадлаас илүү хурдацтайгаар нэмэгдэж байгаагаас шалтгаалан хомсдол үүсэх эрсдэлтэй хэмээн дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчид тооцогддог тус компани мэдэгдсэн байна. 

    "Ойрын хугацаанд Чили, Перу, Ардчилсан Конго, Төвөдөд баригдах шинэ зэсийн уурхайн төслүүдийн тусламжтайгаар зах зээлийн нийлүүлэлт эрэлтээс давна. Харин дунд болон урт хугацаанд зэсийн хомсдол үүсэх эрсдэлтэй байна" хэмээн “Codelco” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Максимо Пачеко онцолжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь 2030 оноос эхлэн жил бүр зургаан сая тонн зэсийн хомсдол үүснэ гэсэн зарим мэргэжилтнүүдийн таамаглалтай нийцэж байгаа юм. Цэвэр эрчим хүч болон цахилгаан автомашины салбар дахь зэсийн эрэлт ирэх жилүүдэд огцом өсөх нь үүнд нөлөөлнө гэж  мэргэжилтнүүд тооцоолсон байна. 

    “Codelco”-ийн хийсэн судалгаагаар дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилтын нөлөөгөөр зэсийн нэг жилийн нийт эрэлт 25 сая тонноос 2032 онд 31 сая тонн болж өснө гэсэн үр дүн гарчээ. Энэхүү эрэлтийг хангахын тулд ирэх найман жилийн хугацаанд Чили улс дахь “BHP” компанийн Эскондида уурхайтай адил хэмжээтэй найман төслийг шинээр ашиглалтад оруулах шаардлагатай аж.

    100 тэрбум ам.долларын хэрэгцээ

    2030 он гэхэд үүсэж болзошгүй жилийн 4.7 сая тонн зэсийн хомсдолын эрсдэлээс сэргийлэхийн тулд тус салбарт 100 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ирэх найман жилийн хугацаанд хийх ёстой гэж мэргэжилтнүүд тооцоолоод байна. 

    Үүнтэй холбоотойгоор томоохон зэс олборлогчид сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхтэй шинэ төслүүдийг хэрэгжүүлэх болсон аж. Панам дахь “Quatum” компанийн “Cobre” уурхай 2019 оны есдүгээр сард үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Тус уурхайн баталгаажсан зэсийн нөөцийн хэмжээ 3.1 тэрбум тонн бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 300 мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой юм. 

    Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Камоа-Какула дахь “Ivanhoe Mines” компанийн зэсийн баяжмалын үйлдвэр өнгөрсөн оны тавдугаар сард ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ 2021 оны долоодугаар сард зах зээлд нийлүүлж эхлээд байгаа аж. “Anglo American” компани Перу улс дахь “Quellaveco” уурхайгаасаа анхны зэсийн хүдрийг 2021 оны аравдугаар сард олборлосон бөгөөд энэ оны есдүгээр сард албан ёсоор зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд байна. Энэхүү уурхай энэ онд 120 мянгаас 160 мянган тонн зэс олборлох төлөвлөгөөтэй байгаа бол дараагийн 10 жилийн хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллаж жил бүр зах зээлд 300 мянган тонн зэс нийлүүлэх боломжтой юм.

    Cэтгэгдэл бичих