logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Чухал ашигт малтмалын аварга компани төрүүлэх боломжтой мега хэлцлийн эргэн тойронд...
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 29 14:25
    582

    Ian Waldie/Bloomberg

    Шинжээчид болон зарим хөрөнгө оруулагчид 107 жилийн түүхтэй тус компанийг ширээний ард суулгахад BHP-ийн санал болгосон үнэ хэт доогуур байна гэж үзэж байв.

    Уул уурхайн зах зээлийг доргиож, зэс олборлолтоор дэлхийд тэргүүлэгч компанийг төрүүлэх потенциалтай мега хэлцлийн эхний санал амжилтгүй болоод байна. BHP компани салбарынхаа өөр нэг хүчтэй тоглогч Anglo American-ийг 39 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан ч шинжээчдийн таамгийн дагуу баасан гарагт тус компаниас татгалзсан хариу сонсжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр BHP саналынхаа нөхцөлийг сайжруулахаар судалж байгаа аж.

    “Оппортунист” санал

    38.8 тэрбум ам.доллароор худалдан авах BHP-ийн саналыг Anglo American-ийн зүгээс "хэт багаар үнэлсэн" гэж үзэж, татгалзсан хариу өгөөд буй.

    “BHP-ийн санал нь оппортунист шинжтэй бөгөөд Anglo American-ийн ирээдүйн төлөвийг зохих ёсоор үнэлж чадаагүй” хэмээн Лондонд төвтэй Anglo American компанийн ТУЗ-ийн дарга Стюарт Чэмберс мэдэгдэлдээ онцолсон байна. Мөн санал болгосон хэлцлийн дараах шинэ бүтэц нь маш тааламжгүй нөхцөлтэй, Anglo American болон компанийн хувьцаа эзэмшигчид, оролцогч талуудад тодорхойгүй байдал болон гүйцэтгэлийн томоохон эрсдэл учруулахаар байгааг дурджээ.

     

    Саналд тусгаснаар хоёр компани заавал дагаж мөрдөх гэрээ байгуулж, хэлцлийн өмнө Anglo Өмнөд Африк дахь цагаан алт, төмрийн хүдрийн компаниудад эзэмшдэг хяналтын хувьцаануудаа шилжүүлж өгөх нөхцөлийг багтаасан байв. Өөрөөр хэлбэл компанийн төвөгтэй бүтэц, ӨАБНУ-д гүнзгий хамааралтай байдлаас үүдэж болох сорилтыг арилгахын тулд Anglo-г тус улс дахь хоёр бизнесээ тусад нь гаргах нөхцөл тавьсан байна.

    Харин үнийн саналын хувьд Anglo-ийн нэгж хувьцаа тус бүрийг 25.08 фунт стерлингээр үнэлснээ BHP пүрэв гарагт мэдээлсэн юм. Шинжээчид болон зарим хөрөнгө оруулагчид 107 жилийн түүхтэй тус компанийг ширээний ард суулгахад BHP-ийн санал болгосон үнэ хэт доогуур байна гэж үзэж байв.

    Яагаад Anglo-г онилов?

    Хоёрхон жилийн өмнө Anglo-ийн нэгж хувьцаа бараг 43 фунт стерлингээр арилжаалагдаж байсан ч үйл ажиллагааны болон зах зээлийн томоохон дарамтуудын улмаас түүнээс хойш тасралтгүй унасаар ирсэн юм. Энэ нь бусад компанитай нэгдэх магадлалыг нь нэмэгдүүлж, өөрөөр хэлбэл хэлцлийн “хялбар бай” болгожээ. Компанийн олборлодог гол түүхий эдүүд болох цагаан алт, очир эрдэнийн үнийн уналт гол уурхайнуудынх нь үйл ажиллагааны хүндрэлтэй хавсарснаар байдал улам дордсон байна.

    Харин BHP-ийн харж буй гол “хөзөр” нь зэс. Өөрсдийн олборлолтыг Anglo-ийн Өмнөд Америк дахь зэсийн уурхайнуудтай нэгтгэснээр дэлхийн хэмжээнд олборлосон зэсийн нийт нийлүүлэлтийн 10 хувийг бүрдүүлдэг болж, зах зээлд хомсдол үүсэх хүлээлт ид бүрэлдэж буй үед маш том давуу талыг бий болгох юм. S&P Global-ийн судалгаагаар зэсийн жилийн эрэлт 2035 он гэхэд хоёр дахин өсөж, 50 сая тоннд хүрэх тооцоотой байна.

     

    BHP “ирээдүйн түүхий эдүүд”-ээр багцаа арвижуулах зорилт тавьсан нь компанийн сүүлд хийсэн хэлцлүүдээс харагдаж буй. Тухайлбал никелийн олборлолтоо нэмэгдүүлэхээр Norilsk Nickel-ийн Австрали дахь хөрөнгүүдийг худалдаж авсны зэрэгцээ зэсийн зах зээл дэх нөлөөгөө тэлэхээр OZ Minerals-ийг худалдаж аваад байгаа.

    Харин Anglo-г нэгтгэх санал нь BHP-ийн дэлхийн уул уурхайн хамгийн компанийн байр суурийг бэхжүүлээд зогсохгүй эрчим хүчний шилжилтэд металлын салбарын гүйцэтгэх үүргийг тодорхойлох чухал ашигт малтмалын аварга компани бий болгох боломжтойг BloombergNEF-ийн Уул уурхай, металл хариуцсан тэргүүн Кваси Ампофо онцолжээ.

    BHP саналаа сайжруулах уу?

    Зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар BHP хэлцлийг амжилттай болгохын тулд нэгж хувьцаанд санал болгосон үнээ 30 фунт стерлингээс дээшлүүлэх шаардлагатай болж магадгүй. Тэр тусмаа Rio Tinto, Glencore зэрэг компаниуд Anglo-г авах санал тавьсан тохиолдолд BHP саналаа сайжруулах магадлал маш өндөр аж. Мөн хэлцэлтэй холбоотой монополын асуудлаар зохицуулагч байгууллагын хяналт шалгалт BHP-ийг чиглэх боломжтой.

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих