
Зургийг: Andres Kudacki/Bloomberg
Оффис хувцаслалтын чиг хандлага биед тухтай энгийн загвар руу шилжсэнээр хэдэн зууны түүхтэй гуталчны газрууд бэрх цаг үеийг туулж байна. “Wall Street”-ийн болон бусад компаниуд цар тахлаас ч өмнө албан хувцаслалтын журмаа зөөлрүүлж байв. Харин хүмүүс багагүй удаан хугацаанд гэрээсээ буюу зайнаас ажилласны дараа дээрх чиг хандлага улам эрчээ авчээ.
“JPMorgan” банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон хүртэл ажил хэрэгч хослол, спорт гутлаар гангаран АНУ-ын Сенатын танхимд зочилж байв.
Тиймээс энэхүү шинэ трендэд тэсэж үлдэхийн тулд гутал засварын зарим газрууд спорт гутал цэвэрлэх үйлчилгээ санал болгож эхэлжээ.
“Салбар хуучных шигээ биш болсон. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд спорт гутал засах, цэвэрлэх үйлчилгээ үзүүлэх гэж байгаа” хэмээн Нью-Йоркийн Доод Манхэттэн дүүрэгт гурван үеэрээ гутал засварын газар ажиллуулж буй Чарли Коллетти өгүүлж байлаа. Зарим гуталчны газар спорт гутал цэвэрлэх үйлчилгээ үзүүлж цар тахлыг даван туулсан аж.
“Оффис кед” буюу ажлын байранд өмсөх спорт гутлын эрэлт 2021 оны нэгдүгээр сараас хойш 181 хувиар өсжээ. Спорт гутал үйлдвэрлэгч алдартай компаниуд ч оффисын ажилтнуудад зориулан ажлын байрандаа өмсөхөд тохиромжтой илүү чөлөөт загваруудыг гаргаж байна.
Нью-Йоркийн метроны буудлын ойролцоо ажилдаа явах хүмүүсийн тоо цар тахлын өмнөх үеийн 50 хувьтай тэнцэх түвшинд нэмэгдээд буй энэ цаг үед спорт гутлыг ажилдаа өмсөх чиг хандлага улам хүчээ авсаар байгаа аж.
Гутал засварын салбарыг залуус бага сонирхож байгаагаас гуталчны ур ухаан, ур чадвар үгүй болох ч эрсдэлтэй байгааг зарим гуталчид хэлж байлаа. “Залуус энэхүү ур чадварт суралцахыг хүсэхгүй байна. 20 жилийн дараа гэхэд гутал засдаг, гутал засах сонирхолтой хүнийг хайж олоход хэцүү болох байх” хэмээн “Anthony’s Shoe Repair”-ийн эзэн Морочо өгүүлж байлаа.