
Зургийг: eaeunion.org
ОХУ-ын давамгайлдаг Евразийн эдийн засгийн холбоотой (ЕАЭЗХ) Монгол Улс чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах гэж байна. Гаалийн татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаа хийх тус хэлэлцээрийг даган дотоодын үйлдвэрлэгчид, бизнесүүдэд том цохилт ирэх болгоомжлол үүсэв.
Яарвал даарна
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гурван жилийн хугацаатай түр хэлэлцээрийн хүрээнд 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлохоор урьдчилсан байдлаар тохиролцжээ. Гаалийн татвар тэглэгдэх барааны жагсаалтад өндөг, улаанбуудай, малын тэжээл, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэрэг багтаж байгаа аж. Харин Монгол Улсаас ноос ноолуур, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгөөр экспортлох юм.
Хэлэлцээрийг эцэслэн баталж, хөнгөлөлттэй нөхцөлөөр бүтээгдэхүүн импортолж эхэлбэл үндэсний үйлдвэрлэгчид зах зээлээс шахагдах нөхцөл үүсэж болзошгүйг МҮХАҮТ анхааруулж байна.
2024 оны эхний 10 сарын байдлаар боловсруулах үйлдвэрлэл өсөлтгүй, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын өсөлт 25 хувиар буурсан байна. Нөгөө талдаа хүнсний импорт 27 хувиар өсжээ. Мөн сүүлийн гурван жилд ОХУ-аас импортолсон хүнс 50 хувиар өссөн байна. Рублийн ханш суларснаар ОХУ-ын компаниуд Монгол Улсын зах зээлд юу ч хамаагүй борлуулахыг зорьж байна.
Иймд өмнөх худалдааны хэлэлцээрүүдэд гарсан алдааг давтахгүй байх үүднээс бизнес эрхлэгчдийн саналыг заавал тусгах шаардлагатай, илүү нухацтай хандах нь чухал болохыг МҮХАҮТ мэдэгдэлдээ онцолжээ.
Евразийн эдийн засгийн холбоо нь ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз гэсэн таван улсаас бүрдэх ч Монгол Улсын хувьд тэдгээрээс зөвхөн ОХУ-тай дорвитой хэмжээнд худалдаа хийдэг гэхэд болно. Гаалийн тарифгүй импортоос учирсан хохирлын сүүлийн жишээ гэвэл Засгийн газар өнгөрсөн тавдугаар сараас гурилын импортын татварыг тэглэснээр ОХУ-аас авах гурилын импорт огцом өссөн. Улмаар дотоодын гурилын үйлдвэрлэл аравдугаар сарын байдлаар 30 орчим хувиар буурсныг салбарын яам мэдээлж байв.
Яадаг холбоо вэ?
Европын Холбооных шиг эдийн засгийн интеграц бий болгох зорилгоор 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан Евразийн эдийн засгийн холбоо өдгөө энэ зорилгодоо хүрч чадсан уу гэвэл үгүй. Бараа бүтээгдэхүүн, капитал, ажиллах хүчний чөлөөтэй эргэлтийг хангах бодлого нь гишүүн орон бүрд ижил тэгш үр өгөөж өгч чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх холбооны дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг дангаараа бүрдүүлдэг ОХУ-ын ашиг сонирхолд л голлон үйлчилжээ. Тухайлбал: бусад орнуудаас тус холбооны гишүүн орнуудад импортолсон бараанд ногдуулсан татварын орлогын 85 гаруй хувь нь зөвхөн ОХУ-д хуваарилагддаг аж. Үлдсэн 15 хувийг нь хуваан хүртдэг бусад дөрвөн орон энэ асуудалд нухацтай хандаж эхэлсэн бөгөөд сүүлд есдүгээр сард Казахстаны Худалдааны сайд татварын орлого хуваарилалтыг дахин авч үзэж, шинэ аргачлал зохиох шаардлагатайг мэдэгдэж байсан юм.
3:97
Энэ бол Монгол болон ОХУ-ын худалдааны тэнцвэр. Мөн Монгол Улс ОХУ-аас импортолж буй бараанд таван хувийн татвар ногдуулдаг ч тус улсад бараа экспортлоход 55-60 хувийн татвар төлдөг. Чөлөөт худалдааны түр гэрээ байгуулахын зорилго нь энэ тэнцвэргүй байдлыг бууруулах явдал гэж Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлж байсан ч гурван жилийн хугацаанд Монгол Улс экспортоо нэмэгдүүлэх нөөц бий юу, гаргахад бэлэн бараа бүтээгдэхүүн хангалттай юу гэдэг эргэлзээтэй.
Одоогоор цорын ганц чөлөөт худалдааны хэлэлцээрээ Монгол Улс 2016 онд Японтой байгуулж байсан ч түүнээс хойш худалдааны алдагдлаа бууруулах байтугай экспортоо ч өсгөж, төрөлжүүлж чадаагүйг тоо баримт бэлхэн харуулж байна.