
Зургийг: F. Carter Smith/Bloomberg
Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани “Rio Tinto” туршлагатай удирдлагуудынхаа нэг болох Б.Болдыг Арилжаа хариуцсан захирлаар томилсон байна.
Тус компанийн Зэсийн группийг өдгөө толгойлж буй Б.Болдын хувьд оны эцсээр тэтгэвэртээ гарч "Rio Tinto"-ийг орхихоор төлөвлөсөн Альф Барриосыг орлохоор болжээ.
2013 онд "Rio Tinto"-д нэгдэхийнхээ өмнө хөрөнгө оруулалтын банкир байсан Б.Болд нь ирээдүйд тус компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд горилох өндөр бололцоотой эрхмүүдийн нэг юм.
"Rio Tinto" зэс зэрэг гол түүхий эдүүдийн зах зээлд өсөлтөө эрчимжүүлэхийг зорьж буй энэ үед Б.Болд тус компанийн томоохон төслүүдийг хариуцан ажиллах бөгөөд тэдгээрийн дунд 6.2 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн Гвинейн төмрийн хүдрийн нүсэр төсөл "Simandou" ч багтаж байгаа аж.