
Зургийг: Paul Yeung/Bloomberg
Төлбөрийн тэнцэл 2024 онд урьдчилсан гүйцэтгэлээр 622 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк тайлагналаа. Энэ нь 2023 оны эцэст 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсантай харьцуулахад 55 хувиар буурсан дүн болж байна.
Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь төлбөрийн тэнцлийн ашиг буурахад голлон нөлөөлжээ. Үүний дотор үйлчилгээний салбар гол нөлөө үзүүлж байгааг тодотголоо.
2024 онд тээврийн төлбөрт 1.3 тэрбум ам.доллар зарцуулснаас 90 орчим хувийг нь ачаа тээврийн төлбөр эзэлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хүнд даацын автомашинаар голлон тээвэрлэж байгаа нь зардал өндөртэй байгааг Монголбанкны Ерөнхийлөгч тодотгож байв.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийг төмөр замаар холбосноор ачаа тээврийн зардал хоёр дахин буурах тооцоо байгааг Зам, тээврийн яам мэдээлж байсан юм.
Үүнээс гадна аялал жуулчлал, харилцаа холбоо, зөвлөх үйлчилгээ болон бусад салбарын гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа урсгал дансны алдагдал өсөхөд нөлөөлж байгааг тайлангаас харж болохоор байна. 2024 онд аялал жуулчлалаас 592 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн бол эсрэгээрээ 1.6 тэрбум ам.долларыг гадаадад сурах, аялах, эмчилгээ хийлгэх болон албан томилолтод зарцуулсан үзүүлэлттэй байна.
Төлбөрийн тэнцэл ашигтай гарахад санхүүгийн дансны тэнцэл 3.3 тэрбум ам.долларын ашигтай буюу шууд хөрөнгө оруулалт 2.8 тэрбум ам.доллар болсон нь голлон нөлөөлснийг Монголбанк мэдээллээ.