
Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
Гуравдугаар сараар эцэслэсэн 12 сарын хугацаанд “Apple” компани БНЭУ дахь үйлдвэрүүддээ 22 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий “iPhone” гар утас үйлдвэрлэсэн нь өмнөх жилээс бараг 60 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Цар тахлын хүндрэлээс хойш тус компани үйлдвэрлэлийн бааз сууриа БНХАУ-аас Азийн бусад орнууд руу шилжүүлж, төрөлжүүлэх хүчин чармайлт нь амжилттай үргэлжилж буйн дохио энэ боллоо.
Ойрын эх сурвалжийн мэдээлснээр өдгөө “Apple” шинэ “iPhone”-уудын 20 гаруй хувийг буюу таван “iPhone” тутмын нэгийг Энэтхэгт үйлдвэрлэж байгаа аж. Тэдгээрийн дийлэнхийг өмнөд Энэтхэг дэх “Foxconn Technology” компанийн үйлдвэрт угсардаг байна.
Дээрх үнийн дүнг эцсийн хэрэглэгчид очих жижиглэн худалдааны үнээр бус үйлдвэрээс гарах өртгөөр тооцсон аж. 2025 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд “Apple”-ийн Энэтхэгт үйлдвэрлэсэн “iPhone”-ийн экспортын үнийн дүн 17.4 тэрбум ам.доллароор хэмжигдсэнийг тус улсын Технологийн сайд мөн мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны гол түнш орнууддаа өндөр дүнтэй гаалийн татвар тогтоосон нь “Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээнд томоохон эрсдэл учруулаад байсан юм. Харин баасан гарагт Дональд Трампын засаг захиргаа ухаалаг гар иутас, компьютер зэрэг тодорхой төрлийн цахилгаан барааг тарифын арга хэмжээнээс чөлөөлөх шийдвэрээ зарлажээ.