
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Агаарын бохирдол, хэт төвлөрлийн асуудал даамжрах хэрээр эрүүл агаарт, өөрийн гэсэн газартаа тав тухтай орчин бүрдүүлж амьдрах нь тааламжтай сонголт болох нь дамжиггүй байна.
ХАУСНЫ ЗАХ ЗЭЭЛ
III улирлын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд хаусны дундаж үнэ нэг м² нь 4.7 сая төгрөг болж, өмнөх улирлаас 3.81 хувиар буурчээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарт нийлүүлэлт хумигдсанаар 2022 оны сүүлийн хагасаас хойш нэг болон хоёр өрөө байрны үнэ зарим байршилд бүр 2-3 дахин өссөн бол хаусны үнэ ижил хугацаанд 11.65 хувиар өссөн байна.
Байршлаар нь харвал Хан-Уул дүүрэгт хаусны дундаж үнэ хамгийн өндөр буюу 5.32 сая төгрөгөөр захиалга авч байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 4.4 сая төгрөг байгааг “Barilga.mn” мэдээлж байна. Харьцуулбал шинэ орон сууцны дундаж үнэ III улирлын байдлаар м² нь 3.75 сая төгрөг байгаа юм.
Өндөр үнээс шалтгаалан өдгөө ялангуяа залуусын дунд үл хөдлөх хөрөнгийг өмчлөх бус түрээслэх сонирхол их болсныг салбарын мэргэжилтнүүд хэлэх болсон. Үүнийг дагаад хүмүүс сүүлийн үед амины орон сууцанд хөрөнгө оруулалт хийж, бүрэн тохижуулаад түрээслэх хандлага ажиглагдаж байгааг “Arcus Agency” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Найгалмаа онцолж байлаа.
Дашрамд дурдахад, III улирлын байдлаар Улаанбаатар хотод 7084 айлын хаус бүхий нийт 157 төсөл хэрэгжиж байгаа аж.
НОГООН ЧИГ ХАНДЛАГА
Дэлхий дахинд, мөн Монголд амины орон сууц эрчим хүчинд хэмнэлттэй, ашиглалтын зардал бага байх нь томоохон шалгуур болж, цаашид энэ чиглэлд ногоон зээл, татаас олгох нь улам нэмэгдэх төлөвтэй. Иргэд ч мөн нүсэр том хаус гэхээсээ илүүтэй өөрийн хэрэгцээ шаардлага, ашиглалтын давуу талуудыг нарийн тооцоолж, 80-100 м² хүртэлх талбайтай, нэг давхар амины орон сууцыг түлхүү сонирхож байгааг “Barilga.mn” онцолжээ.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөлд өдгөө банкнууд 12-16 хувь хүртэлх хүүтэй, дээд хэмжээ нь нэг тэрбум төгрөгийн ногоон зээл олгож буй. Түүнчлэн энгийн амины орон сууцны дулааны хэрэглээний 10 хувьтай л тэнцэх дулааны нийлүүлэлт шаардагддаг пассив сууц нь сүүлийн жилүүдэд ихээхэн дэмжлэг авч буй шийдэл болоод байна.
"Монгол Улс эрчим хүчний алдагдал ихтэй барилгуудыг пассив барилгаар сольсноор нүүрснээс гарган авах дулааны зардлыг 90 хувиар хэмнэх боломжтой" гэж Олон улсын пассив барилгын хүрээлэнгийн сургагч багш, профессор Лий Пил-Рюл “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.