
Зургийг: Hannelore Foerster/Bloomberg
Европын Төв банк энэ пүрэв гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, 3.75 хувь болгоно гэж “Bloomberg” тооцоолсон байна. Учир нь инфляц эдийн засагт дарамт болохгүй хэмжээнд тогтвортой байгаа нь цаашид ч үргэлжлэх төлөвтэй гэж үзсэн байна. Тус банк бодлогын хүүгээ есөн сарын турш оргил цэгт буюу дөрвөн хувийн түвшинд хадгалж байгаа юм.
Инфляцыг зорилтот түвшин болох хоёр хувь руу бууруулахад Европын Төв банк сорилттой тулгарч байгаа ч тус банкны Ерөнхийлөгч Кристин Лагард Евро бүсийн 20 оронд инфляц хяналтад байгаа гэж тавдугаар сард мэдэгдэж байв.
Сүүлийн байдлаар “Их-7”-ийн бүлгийн орнуудаас Канад улс хамгийн түрүүнд бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ аваад байна. Тухайлбал: лхагва гарагт Канадын Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, 4.75 хувь болгосон юм. Үүгээр бусад улсын Төв банканд АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас урьтаж бодлогын хүүгээ бууруулах итгэл өгч байна гэж шинжээчид үзэж байна.