
Mikael Sjoberg/Bloomberg
Сэргээгдэх эрчим хүч дэлхий даяар эрчээ авч байна. Шинэ төслийн хөрөнгө оруулалт 2022 онд түүхэн дээд үзүүлэлт буюу 560 тэрбум ам.доллар хүрч, анх удаа хагас их наяд ам.долларын босго давсныг “BloombergNEF” мэдээллээ.
Өнгөрсөн онд шинээр суурилагдсан хүчин чадлын 80 хувийг зөвхөн нар, салхины эрчим хүч бүрдүүлжээ. Тэр дундаа цэвэр эрчим хүчний зах зээлд хөгжиж буй орнууд чухал тоглогч болж буйг 2022 онд ашиглалтад орсон нар, салхины шинэ төслүүдийн гуравны хоёр нь тэдгээр дээрх улсуудад ногдож байна.
Нарны эрчим хүч одоогийн эрчээрээ тэлнэ гэж үзвэл энэ зууны дунд үе гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд хамгийн өндөр хувийг эзэлдэг болно гэж “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.
Нартай өдрийн тоо жилд дунджаар 270-300, нарны эрчим хүчний боломжит нөөц нь жилд 4774 тераватт/цаг байдаг Монгол Улсын хувьд энэ шилжилтэд түүчээлэх бололцоо өндөрт тооцогдоно.
Монгол Улс Парисын хэлэлцээрээр 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нийт хүчин чадлын 30 хувьд хүргэх амлалт өгсөн байдаг. Сүүлийн статистикаас харвал нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж, нийт цахилгаан үйлдвэрлэлийн 10.4 хувийг сэргээгдэх эрчим хүчний 17 эх үүсвэрээр хангаж байгаа аж.
Одоогоор Монгол Улс голчлон гадаадын зээл, санхүүжилтээр сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүд хэрэгжүүлж байгаа ч хөрөнгө оруулалтыг нөхөхөд эрчим хүчний үнэ тариф гол асуудал болдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
“Нүүрсний цахилгаан станцууд аль хэдийн хөрөнгө оруулалтаа нөхсөн ч өртөг өндөртэй, алдагдалтай ажилладаг. Харин нарны болон салхины станцууд нь хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хамгийн бага өртөгтэй, хамгийн хямд эрчим хүчийг нийлүүлэх боломжтой" хэмээн "Тэнүүн гэрэл констракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Одбаатар онцолж байлаа.
Монгол Улс 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш нарны цахилгаан станцын гурван төсөл хэрэгжиж байна.
Сэрвэн
10мВт-ын хүчин чадалтай, жилд 18.4 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой “Сэрвэн” нарны цахилгаан станц Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад ороод байна. Азийн Хөгжлийн банкны 10.4 сая ам.долларын санхүүжилтээр байгуулсан энэхүү станц нь жилд 16 мянган тонн нүүрсхүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэх ач холбогдолтой аж.
Азийн Хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулинтай дээрх сэдвээр ярилцсаныг ЭНД дарж үзнэ үү.
Борх
“М-Си-Эс Интернэйшнл ХХК”-ийн өнгөрсөн онд ашиглалтад оруулсан энэхүү төсөл нь Монгол Улсад суурилагдсан анхны эрчим хүчний хуримтлуур бүхий станц болсноороо онцлог. Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дахь таван мВт-ын "Борх" нарны цахилгаан станц, Улиастай сум дахь 3.6 мВт/цагийн хүчин чадалтай "Цэнгэг" эрчим хүч хуримтлуурын станц нь жилд 8.8 сая кВт/ц цэвэр эрчим хүчийг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тооцоотой юм.
Мөрөн
Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж буй 10 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц энэ онд багтан ашиглалтад орох төлөвтэй байна. Энэ станц нь Хөвсгөл аймгийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 50 хүртэлх хувийг хангаад зогсохгүй баруун бүсийн 20 мянган хэрэглэгчид эрчим хүч нийлүүлэх ажээ.