
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Казахстан улсын Засгийн газар ирэх онд бүс нутгийн стартапууд, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг дэмжих венчур хөрөнгө оруулалтын нэгдсэн сан байгуулж, нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө зарлалаа.
Төв Азиас “юникорн” төрүүлнэ
Төв Азийн хамгийн том эдийн засагтай тус улсад сүүлийн жилүүдэд АНУ-ын биржид бүртгэлтэй Kaspi.kz зэрэг дотоодын финтекийн компаниуд эрчимтэй тэлж буй нь эрчим хүчний бүтээгдэхүүний орлогоос хамааралтай байдлаа бууруулах эрх баригчдынх нь хүчин чармайлттай зэрэгцэж байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эдийн засаг дахь Төрийн оролцоог бууруулж, бүрэн эрх нь дуусах 2029 он гэхэд нийт 150 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татахаа амлажээ.
Одоо шинээр байгуулагдах” Qazaqstan Venture Group” нь хиймэл оюун зэрэг шинэ технологиудад хөрөнгө оруулалт хийдэг олон улсын болон дотоодын тэргүүлэх венчур сангуудад хөрөнгө оруулалт хийх зорилготой байх аж. Инновацлаг, өсөлтийн потенциалтай стартапуудад чиглэсэн хөрөнгө оруулалт хийдэг сангуудыг венчур сан гэж ерөнхийд нь тодорхойлдог.
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
“Бүс нутгийн финтек, эрүүл мэндийн технологи, хиймэл оюуны стартапуудыг Казахстанд авчрах нь бидний зорилго. Тэдгээрээс шилдгүүд нь юникорн буюу нэг сая ам.доллароос дээш үнэлгээтэй стартап болж өсөхөд энэ сан тусална” хэмээн Казахстаны Цахим хөгжил, инновац, агаарын зайн сайд Жаслан Мадиев “Bloomberg”-т ярьжээ.
Засгийн газар нь 2025 оны эхний хагасаас тус санд хөрөнгө татаж эхлэх бөгөөд одоогоор Казахстаны үндэсний хөгжлийн холдинг компани “Baiterek” 30 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон аж. Мөн санг удирдах яамны хэлтэс хувийн хөрөнгө оруулагчдаас 90 сая ам.долларын хөрөнгө татах урьдчилсан тохиролцоонд хүрээд байгааг Жаслан Мадиев мэдээлжээ.
Түүнчлэн сан нийт босгосон хөрөнгийнхөө 30 хувиар Төв Ази, Кавказын бүсэд хөрөнгө оруулах бол үлдсэнийг АНУ болон бусад олон улсын зах зээлд байршуулах төлөвлөгөөтэй аж.
Финтекийн олигопол
263 тэрбум ам.доллароор хэмжигдэх Казахстан улсын эдийн засагт зээл олголт асар хурдтай өсөж, Засгийн газар болон Төв банкны анхаарал хандуулах түвшинд хүрээд байгаа юм. Ялангуяа финтекийн хоёр том компани Казахстаны банк санхүүгийн системд олигопол тогтоож, нийт төлбөр тооцооны 80-90 хувийг хянадаг болжээ. Тухайлбал: “Kaspi.kz” компани хэрэглэхэд хялбар QR системээрээ тус улсын нийт гүйлгээний 70 орчим хувийг дамжуулж, 20 сая хүн амтай Казахстанд сарын 14 сая хэрэглэгчтэй болсон байна.
Харин “Halyk Bank”-ийн системээр төлбөр тооцооны найман хувь нь дамжиж байгааг “Bloomberg” тооцоолжээ. Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн онд банкнуудыг “Санхүүгийн системд эрсдэл үүсгэж, иргэдийг хэт өрийн дарамтад оруулж байна” хэмээн шүүмжилж байв.
Казахстаны энэхүү өргөн бааз суурьтай зах зээлд Монголын финтекийн салбар аль хэдийн нэвтрээд байна. Тухайлбал: “Инвескор ББСБ” ХК өнгөрсөн есдүгээр сард Казахстанд “InvesCore Finance” охин компаниа байгуулж, анхны салбараа нээсэн юм. Тус улсад сүүлийн байдлаар 221 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Санал болгох: Монголоос дэлхий рүү: Төв Азийн зах зээлд Монголын ямар компаниуд гараад байна вэ?