
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
“Apple” компани 2024 оны санхүүгийн жилийн II улиралд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар буурч, 90.8 тэрбум ам.доллар болсныг тайлагналаа. Хэдий тийм боловч энэ нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болсныг онцолж болохоор байна.
Үүний зэрэгцээ тус компани одоо үргэлжилж буй санхүүгийн жилийн III улиралд “iPad” болон үйлчилгээний бизнес нь хоёр оронтой тоогоор өсөх өөдрөг төсөөллийг танилцуулжээ.
Тайлангаа танилцуулсны дараа "Apple"-ийн хувьцааны ханш 7.9 хувиар өсөөд байна. Хэдий тийм боловч энэ он гарсаар 10 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Гуравдугаар сарын 30-ны байдлаар тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 1.53 ам.доллар байв. “Apple” компанийн зүгээс нэгж хувьцаанд олгох ногдол ашгаа дөрвөн хувиар өсгөж, 25 центэд хүргэсэн нь шинжээчдийн таамгийг мөн л давсан үзүүлэлт боллоо.
Сүүлийн байдлаар тус компанийн ТУЗ нэмэлтээр 110 тэрбум ам.долларын хувьцаа эргүүлэн худалдан авах шийдвэрээ танилцуулсан юм. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хувьцаа эргүүлэн худалдан авах тохиолдол болохоор байна.