logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Маргаан дагуулаад буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн учиг зангилаа ба хэн юу хэлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 12 10:30
    755

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хариуцсан агентлаггүй явж ирсэн нь хөрөнгө оруулалт татах асуудал хэрхэн орхигдсоныг харуулж байна

    1990 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалттай 15 мянга гаруй компани, аж ахуйн нэгж бүртгүүлснээс өдгөө 5400 гаруй нь татан буугдсан, 2012 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ дорвитой өсөөгүй зэрэг үзүүлэлтүүдээс гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад ямар дүн тавьж буй нь харагдаж байна.

    2020 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жил хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед Хөрөнгө оруулалтын тухай хуулийг тойрсон хэлэлцүүлэг, маргаан дээд цэгтээ хүрээд байна.

    Тааруухан орчин

    Монгол Улс сүүлийн найман жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хариуцсан агентлаггүй явж ирсэн нь хөрөнгө оруулалт татах асуудал хэрхэн орхигдсоныг харуулж байгааг Монголын Бизнесийн Зөвлөлөөс онцолж байв. Дэлхийн банкны судалгаанд дурдсанаар Монголд гурван хөрөнгө оруулагч тутмын нэг нь гэрээ зөрчигдсөнөөс болж хөрөнгө оруулалтын шийдвэрээсээ буцдаг аж. Мөн Монгол Улсын шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хөрөнгө оруулагч маргаан гомдлоо шийдвэрлүүлэхэд дунджаар 6.2 жилийн хугацаа зарцуулж байна гэсэн судалгааг Хууль зүй, Дотоод хэргийн яам гаргажээ.

    unnamed.jpg

    Таван жил гаруй хугацаанд яригдаж, танхим ба мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээс 700 гаруй санал авсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, маргаан үүсэхэд шийдвэрлэх арга зам зэргийг тусгасныг хөрөнгө оруулагчид сайшааж буйг “AmCham Mongolia” онцолж байна.

    Онцлох заалтууд ба эсэргүүцэл

    Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гомдлыг шийдвэрлэх асуудлаар дээрх хуулийн төсөлд нэмэгдсэн гол заалтууд гэвэл шинээр байгуулагдах Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл болон тусгай агентлагийн чиг үүргийг тусгаж өгчээ. Мөн харилцагч талууд маргаанаа зургаан сарын дотор шийдвэрлэж чадахгүй бол олон улсын арбитрт хандах эрхийг нь баталгаажуулах заалт оруулсан нь онцлог болж байна.

    Харин одоо хэрэгжиж буй хуулиас татварын бүх хөнгөлөлт, урамшууллын заалтыг хасахаар оруулжээ. Татвартай холбоотой асуудал зөвхөн Татварын тухай хуулиар зохицуулагдах ёстой хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд тайлбарласан юм.

    unnamed (1).jpg

    Улс төрийн зарим хүчин, УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан өөрчлөлт нь гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг 100 мянган ам.долларын босгыг халах заалт болов.

    Олон улсын жишгээр хөгжиж буй эдийн засагтай орнууд ийм босго тавьдаггүй, газарзүйн байршлын хувьд хүндрэлтэй Монгол Улсад бусад орнуудаас давуу болох таатай нөхцөл хэрэгтэй, мөн илүү оюуны шинж чанартай стартапууд, гарааны бизнесүүдийн хөрөнгө оруулалтыг хаадаг тул 100 мянган ам.долларын босгыг арилгах нь зүйтэй гэж танхимууд, эдийн засагчид дэмжиж байсан юм.

    Эсэргүүцэгчдийн зүгээс үндэсний аюулгүй байдалтай холбон шүүмжилж буй өөр нэг заалт нь газар ашиглалттай холбоотой заалт болж байна. Одоо мөрдөгдөж буй 2013 оны шинэчилсэн найруулгад 60 хүртэл жилээр газар ашиглуулах, эзэмшүүлэх, энэхүү хугацааг нэг удаа 40 хүртэл жилээр сунгах заалттай бол энэ удаагийн шинэчилсэн найруулгад газрыг 15-60 хүртэл жилээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах боломжтой болгон өөрчилжээ. Өөрөөр хэлбэл “эзэмшүүлэх” гэсэн хуулийг хасаж, зөвхөн “ашиглуулах” болгож өөрчилсөн байна.

    unnamed (3).jpg

    "30 жил Монгол Улсын хуульд байсан заалтыг одоо гэнэт сөхөж, газрыг 100 жилээр өгөх гэж байна гэж үлгэр зохиоцгоож байна. Тэрбум тэрбум төгрөг зарцуулж Монгол Улсын ирээдүйг харлуулдаг, монголчуудыг хуваадаг явдлыг зогсоох цаг бидэнд өнөөдөр ирээд байна"

    unnamed (4).jpg

    “100 мянган ам.долларын босгыг арилгаж буйг хөрөнгө оруулагчид эергээр хүлээж авч байна. Оршин суух эрх авсан гадаад иргэдээр дүүрчихнэ гэсэн айдас олон нийтийн дунд байх шиг байна. Үүнийг зөвхөн оршин суух эрх, визтэй холбоотойгоор авч үзэхгүй байх боломжтой гэж харж байгаа. Оршин суух эрх, хөрөнгө оруулах босго хоёрыг тусад нь авч үзэх нь зүйтэй“

    Ганц хуулиар шийдэхгүй

    Хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл хөдөлж эхэлсэн ч Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дангаар нь баталлаа гээд гадаад хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл шууд бүрдэхгүй. Хөрөнгө оруулалтын тухай хууль, мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хууль, Татварын багц хууль, одоо боловсруулж байгаа Ашигт малтмалын хуулийн төсөл бүгд нийлээд цогцоороо хөрөнгө оруулалтад ээлтэй, таатай нөхцөл үүсгэхийг “AmCham Mongolia” анх энэхүү хуулийн төсөлд санал авч байхад онцолж байлаа.

    Мөн олон улсын жишгийг дагаж чухал хөрөнгө оруулагчдад үзүүлэх гааль, татварын хөнгөлөлт, урамшууллын заалтыг нэмэлтээр оруулах зэргээр сайжруулах, цаашлаад энэ завшааныг ашиглан универсал хууль болгох ч боломжтой гэж танхимууд үзэж байна.

    unnamed (5).jpg

    “Өмнө нь маш олон найдлага тээсэн хуулийн төслүүд гарч ирээд л алга болоод байсан. Нөгөө л олон талаар дутагдалтай хуулийн зохицуулалт дээрээ эргэж буугаад байна. Мөн шинэ хуулийн төслийн хувьд татварын урамшууллын тухай заалтыг хассанд гайхаж байна. Учир нь энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдад чухал дохио болдог заалт”

    unnamed (6).jpg

    “Хөрөнгө оруулагчдын хувьд аюулгүй орчин бүрдсэн гэдгийг баталгаажуулах хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулагчид болон гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд ямар нэг ялгаа зааг байх ёсгүй. Тэд бүгд л адилхан сорилтуудтай тулгарч байгаа”

    Ингэхэд ураны төсөл юу болж байна?

    “Оюутолгой”-оос хойш Монгол Улсын байгуулсан хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ болохоор байгаа “Зөөвч-Овоо” ураны төсөлд тодорхой ахиц гарсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий нөхцөлөөр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани урьдчилсан зөвшилцөлд хүрч, хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан юм.

    Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч анх төлөвлөснөөс урт хугацаа орж буйг БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн хэлж байлаа.

    Cэтгэгдэл бичих