
Зургийг: Bloomberg
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа ялалт байгуулснаар дэлхийн хамгийн чинээлэг 10 эрхмийн нийт хөрөнгийн хэмжээ нэг өдрийн хамгийн өндөр дүнгээр өсжээ.
Илон Маскаар толгойлуулсан дэлхийн тэргүүн баячуудын хөрөнгө лхагва гарагт нийт 63.5 тэрбум ам.доллароор өссөнийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. Зөвхөн Илон Маскийн хөрөнгө л гэхэд 26.5 тэрбум ам.доллароор арвижсан бол Жефф Безосынх 3.5 тэрбум ам.доллароор, Ларри Эллисоны хөрөнгө 5.4 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирээд татвар бууруулж, зохицуулалт зөөлрүүлэх арга хэмжээ авна гэсэн хүлээлт АНУ-ын компаниудын хувьцааны өсөлтийг дэмжиж, улмаар чинээлэг эрхмүүдийн хөрөнгө өссөн байна.
“S&P 500 Index” 2.5 хувиар өссөн нь АНУ-ын түүхэнд сонгуулийн дараах арилжааны хамгийн огцом өсөлт болсны сацуу ам.доллар дийлэнх валютын эсрэг чангарлаа.