logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Хиймэл оюуны тэсрэлт үргэлжилж, "Nvidia" дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 19 09:45
    445

    Зургийг: TIan Maule/Bloomberg

    "Nvidia" компанийн зах зээлийн үнэлгээ энэ он гарсаар хоёр их наяд ам.доллароор өсөж, 3.34 их наяд ам.доллар хүрээд байна

    "Microsoft"-ийг гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоод буй "Nvidia"-ийн хувьцааны өгөөж 591,078 хувьд хүрээд байна. Ногдол ашгаараа нэмж хөрөнгө оруулсныг оруулан тооцсоноор ийм үзүүлэлт гарч байгаа аж.

    Мягмар гарагт тус компанийн нэгж хувьцааны ханш 3.5 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 3.34 их наяд ам.доллар хүрсэн бөгөөд энэ сарын эхээр үнэлгээгээрээ “Apple”-ийг ардаа орхиод байсан билээ.

    Анх 1999 онд буюу “Intel” компани хагас дамжуулагчийн салбарын голлох тоглогч байх үед “Nvidia” IPO хийж, “Nasdaq Index”-д бүртгүүлснээс хойш гурав хүрэхгүй жилийн дараа “S&P 500 Index”-д бүртгэлтэй болсон юм. Тухайн үед тус компанийн хувьцааны ханш дараагийн 25 жилийн хамгийн өндөр өсөлттэй хувьцаа болж, ханш нь анх IPO хийж байсан үеэс хойш 591,078 хувийн өгөөж өгнө гэдэгт итгэх хүн байгаагүй нь тодорхой. Энэхүү огцом өсөлт нь хиймэл оюуны тэсрэлтийн нөлөөгөөр хөрөнгө оруулагчид “Nvidia”-ийн өсөлтөд ямар өөдрөг хүлээлттэй байгааг харуулж байна.

    “Nvidia” компанийн H100 хурдасгуурын өндөр эрэлт өнгөрсөн онд “Nvidia” компанийн орлогыг 125 гаруй хувиар өсгөсөн юм.

    “Тус компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуан технологийн салбарын хөгжил хурдасгасан тооцоолуур руу шилжинэ гэж үзэн өөрийн өрсөлдөх давуу тал эзэмшдэг график чипийн хөгжүүлэлтэд  гол анхаарлаа хандуулсан нь “Nvidia”-ийг хамгийн өндөр үнэлгээтэй компани болоход түлхэц үзүүлсэн гол хүчин зүйл” гэж шинжээчид үзэж байна.

    Үүнээс гадна “Microsoft” компани “ChatGPT”-ийг хөгжүүлэгч “OpenAI”-тай хамтарч, хиймэл оюуны тэсрэлтээс хамгийн их ашиг хүртэж буй компаниудын нэг болоод байгаа бол “Apple” өнгөрсөн долоо хоногт “Apple Intelligence” хиймэл оюунаа функцээ танилцуулснаар хувьцааны ханш нь өсөөд байгаа юм.

    “Ирэх онд технологийн салбарын компаниудын дунд зах зээлийн үнэлгээ нь дөрвөн их наяд ам.доллар хүрэх өрсөлдөөн “Nvidia”, “Apple”, “Microsoft” компанийн дунд явагдана” гэж “Wedbush Securities”-ийн шинжээч онцолж байна.

    “Nvidia”-ийн хувьцааны ханшийн өсөлт тус компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуаныг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болгоод байгаа юм. Энэ он гарсаар түүний хөрөнгийн хэмжээ 75 тэрбум ам.доллароор өсөж, 119 тэрбум ам.доллар хүрснээр “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн 12 дугаарт бичигдэж байна. Хөрөнгийн хэмжээ нь ийнхүү хурдацтай өссөн өөр тэрбумтан одоогоор байхгүй аж.

    Cэтгэгдэл бичих