logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Дотоодын цементийн үйлдвэрүүд I-V сард жилийн нийт хэрэгцээний 25 хувийг үйлдвэрлэжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 19 15:00
    219

    Зургийг: С.Батсайхан

    Дотоодын цемент үйлдвэрлэл оны эхний таван сард 477 мянган тонн болж, 16 хувиар өсөөд байна

    Дотоодын цементийн үйлдвэрүүд оны эхний таван сарын хугацаанд 477 мянган тонн цемент үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөн байна.

    Монгол Улс жилдээ 1.8-2 сая орчим тонн цемент хэрэглэдэг бөгөөд үүнийг дотоодод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангаж буйг Барилга, Хот байгуулалтын яам мэдээлж байв. Хэдий тийм боловч цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн шалтгаанаар энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болсон гэж үзэн Засгийн газар 20 хувь байсан импортын татварыг тавдугаар сарын нэгнээс таван хувь болгон бууруулсан юм. 

    Харин энэ шийдвэрийн талаар “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан “Хувийн хэвшлийнхэн бүгд бүтээн байгуулалтын улирал эхлэхээс өмнө хангалттай бэлтгэл ажлаа хийдэг, үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж байж ажилтнуудынхаа цалинг тавих, улсын төсөвт татвар төвлөрүүлэх төлөвлөгөөт ажлууд эхэлдэг” гэж өөрийн “X” платформд байр сууриа илэрхийлсэн байна. Мөн “Төлбөрийн тэнцэл эерэг гарлаа гэсэн үр дүнд энэ салбарын хувь нэмэр их бий, харин энэ шийдвэр гарснаар валютын гадагшлах урсгал идэвхжиж, сонгуулийн дараа валютын ханш өсөхөөр харагдаж байна. Цементийн үнэ барилгын өртөгт ердөө найман хувь байдаг. Цементийн үнэ өсөхөөр барилгын, орон сууцны үнэ өслөө гэдэг бол өрөөсгөл ойлголт. Цементийн үнэ 10 хувиар өсөхөд нийт материалын зардал нэг хүрэхгүй хувиар л өсдөг. Цемент бетоноос илүү бусад өндөр үнэтэй барилгын материал өртөгт өндрөөр суудаг” гэж тодотгожээ.

    Нөгөө талаас "Цементийн татварыг бууруулснаар импорт нэмэгдэх ч импортын барилгын материал чанар стандартад нийцсэн эсэх нь тодорхойгүй болох"-ыг ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр анхааруулж байлаа. Тэрбээр “Барилга, Хот байгуулалтын яам Замын-Үүдэд барилгын материал шалгах лаборатори барьж байгаа гэж ойлгосон. Арай илүү хяналттай болох болов уу гэж найдаж байна”  гэж “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм. 

    Тавдугаар сарын эцсийн байдлаарх нэгтгэсэн гаалийн статистик мэдээллээс харахад, Монгол Улс ОХУ болон БНХАУ-аас л цемент импортолсон бөгөөд 5.2 сая ам.доллароор 85.6 мянган тонн цемент худалдан авсан байна. Энэ нь өмнөх оноос мөн л өссөн үзүүлэлт боллоо.

    Хэдийгээр цементийн импорт хэвийн байгаа мэт боловч дотоодын үйлдвэрлэгчдээс “Монцемент” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд техник хэрэгслийг нь лацдсан байдалтай байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэр “X” платформдоо бичжээ.

    “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасангийн мэдээлснээр “Улаанбаатар төмөр зам” зүтгүүр хүрэхгүй байгаа шалтгаанаар 10 хоног тус компанийн ачааг татаагүй байна. 

    Үүнээс өмнө 2022 оны есдүгээр сард Засгийн газар мөн л цементийн үнэ өссөн үндэслэлээр импортын татварыг он дуустал тэглэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих