
Зургийг: Bloomberg
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль бямба гарагт болох байсан өөрийг нь огцруулах тухай санал хураалтаас хэдийгээр зайлсхийж чадсан ч жинхэнэ аюулаас мултрах болоогүй байна.
Даваа гарагт тус улсын Хууль зүйн яам онц байдал зарлах тухай зарлигийг нь шалгаж байгаатай холбоотойгоор түүнд хилийн хориг тавих шийдвэр гаргасны сацуу Цагдаагийн байгууллагаас түүнийг хойшлуулшгүйгээр баривчлах эсэх талаар хэлэлцэж буй мэдээлэл байна. Одоогоор БНСУ-ын Үндэсний мөрдөн шалгах албаны 150 гаруй албан хаагч Юн Сог Ёлийн онц байдал зарласан үйлдлийг шалгаж байгаа аж. Ерөнхийлөгч Юн Сог Ёль гаргасан шийдвэрийнхээ төлөө хүлцэл өчсөн ч огцрох хүсэлт гаргаагүй юм.
Хууль шүүхийн үйл явц хэдэн сараас хэдэн жил ч үргэлжлэх боломжтой бөгөөд хэрэв Юн Сог Ёлийг эх орноосоо урвасан гэм буруутай гэж үзвэл тэрбээр бүх насаараа хоригдох, бүр цаазаар авхуулах ялд ч унаж болзошгүй байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч албан тушаалаа хашиж байх хугацаандаа халдашгүй дархан эрхтэй байдаг ч бослого гаргасан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан тохиолдолд хамаардаггүй аж.
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль “Умард Солонгосыг дэмжигч хүчнээс” ангижрахын тулд онц байдал зарласан гэж мэдэгдсэн ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд улс төрийн асар их дарамт шахалтад орсны дараа тэрбээр маргаан дагуулсан шийдвэрээ хэдхэн цагийн дотор цуцлахаас өөр аргагүйд хүрсэн юм.