logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Нийслэлийн 2024 оны төсөвт ₮2.6 их наядын орлого төвлөрүүлэхээр төсөвлөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 06 09:40
    234

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Нийслэлийн хөрөнгө оруулалтын зардалд 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний санал ирүүлснээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1 тэрбум төгрөг, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн 2024 оны төсөвт 2.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 1.1 их наяд төгрөгийн урсгал зардалтай байхаар баталсан байна. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталжээ. Төсвийн нийт орлого 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар,  хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна.  Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэнийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр төлөвлөжээ.

    Ирэх оны нийслэлийн төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх суурь дэд бүтэц байгуулахаар голлон тусгасан байна. Тухайлбал: Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эн тэргүүнд хийхээр төлөвлөжээ. Холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол болон түгжрэлийг 30 орчим хувиар бууруулах зорилт тавьж байгаа аж. Эдгээр дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадвал 20-25 мянган ажлын байр шинээр бий болгох төсөөлөлтэй байна. Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлээд гүйцэтгэл 70 орчим хувьтай байгаа бүх ажлыг дуусгахыг зорьж байгаа ажээ.

    Мөн “Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогын хүрээнд метроны ТЭЗҮ-ийн зураг төсөл, менежментийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийнэ. Сонгон шалгаруулалтыг хийснээр ямар өртгөөр метроны нэгдүгээр шугамыг тавих вэ гэдэг шийдэгдэнэ. Үүнд Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгийн баталгаа гаргаж байж дараагийн сонгон шалгаруулалт хийнэ” гэж НЗДТГ мэдээллээ. Метрог Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 км-т барихаар төлөвлөөд байгаа бөгөөд метро барих чиглэлд хэд хэдэн удаа төсөл боловсруулж байсан ч одоо ашиглах боломжгүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тодотгов.

    Түүнчлэн нийслэлийн гол магистраль замыг өргөтгөж, гэр хорооллын замуудыг холбон хатуу хучилттай зам тавих зэрэгт 77.4 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт тусгасан бол үерийн байгууламжийг нэмэгдүүлэхэд 24 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

    Үүнээс гадна нийслэл хотын татварыг нэг хувь байсныг хоёр хувь болгон нэмэгдүүлэхээр болсон байна. Энэ нь аялал жуулчлалтай холбоотой буюу бар, ресторан зэрэгт түлхүү хамаарна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг  мэдээллээ. 2021 онд нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, нэг хувь байгаа татварыг хоёр хувь болгохыг НИТХ шийдэхээр тусгасан юм. Хотын албан татварыг архи, тамхины жижиглэн худалдаа гэсэн хоёр төрлийн бараа, зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалгын газар болон авто үйлчилгээ үзүүлэгч гэсэн зургаан төрлийн үйлчилгээ эрхлэгчээс авдаг бөгөөд хотын татвараас  16 тэрбум төгрөг төвлөрдөг байна.

    Нийслэл хотын татварыг нэмэгдүүлснээр 32 тэрбум төгрөгийн орлого бүрдэх ба үүнийг дэд бүтэц, бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ оны төсвийн тодотголоор 28 тэрбум орчим төгрөг шийдсэн бол ирэх онд 91 тэрбум орчим төгрөг төсөвлөөд байгаа аж.

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг

    Cэтгэгдэл бичих